ИХ-ын гишүүн Ж.Баярмаа нар ХХОАТ-ыг 1 хувь болгож бууруулах хуулийн төслийг өргөн бариад буй. Энэ хууль батлагдвал иргэдийн нуруун дээрх татварын дарамт багасч, гарт үлдэх мөнгө нь нэмэгдэх юм.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
-Одоогоор Засгийн газраас өргөн мэдүүлсэн ХХОАТ-ын өөрчлөлтийг хэлэлцэж байгаа бол гишүүдийн санаачилсан төсөл нь ажил хөдөлмөр эрхэлж буй иргэдийн татварыг бүхэлд нь нэг хувь болгох үндсэн концепцтой юм. Улсын төсөвт төвлөрч буй ХХОАТ-ын орлогын 82 орчим хувийг нэг сая орчим иргэний цалингийн орлогоос бүрдүүлж байна. Энэ нь татварын гол ачаалал тогтмол ажил эрхэлж, цалин авдаг иргэдийн нуруун дээр ирж байгааг харуулж байна.
Уг нь эдгээр иргэд нийгмийн дундаж давхаргыг бүрдүүлэх ёстой ч бодит байдал дээр тэд өрийн дарамтад оржээ. Дундаж давхаргын үндсэн шалгуур нь өрийн дарамтгүй, хуримтлалтай, тогтвортой ажилтай байх явдал юм. Гэтэл өнөөдөр цалин авч буй иргэдийн 60 гаруй хувь буюу 600 мянга гаруй хүн 6 их наяд төгрөгийн цалингийн зээлтэй байна. Үүнээс 100 гаруй мянган иргэний зээл хугацаа хэтэрчээ. Нийгмийн гол ачааг үүрч яваа дундаж давхарга ийнхүү өрийн дарамтад орж, эмзэг бүлэг рүү шилжиж байна гэсэн үг.
Тиймээс ХХОАТ-ыг нэг хувь болгож хөнгөлөх зайлшгүй шаардлагатай байна. Жишээлбэл, хоёр сая төгрөгийн цалинтай иргэний татвар нэг хувь болсноор сар бүр 180 мянган төгрөг өөрт нь үлдэнэ. Иргэд өөрийн мөнгөө төрөөс илүү ухаалгаар зарцуулж чадна. Төр татвар авч, иргэдийн өмнөөс зарцуулж байгаа ч эдийн засгийн өсөлт хүндээ хүртээмжгүй, амьдрах орчин аюулгүй бус байгаа нь татвар төлөлтийн үр ашиг гарахгүй байгааг харуулж байна. Тиймээс татварын есөн хувийг иргэдэд нь үлдээх нь хамгийн зөв шийдвэр юм.
Татварын хөнгөлөлтөөс үүдэх 2.6 их наяд төгрөгийн зөрүүг төсвийн зардлыг хэмнэх замаар нөхөх бүрэн боломжтой. Төр бүсээ чангалж, үр ашиггүй зардлаа танах ёстой.
Өнөөдөр 100 гаруй төрийн өмчит компаниас ердөө тав нь ашигтай ажиллаж, бусад нь 30 гаруй их наяд төгрөгийн зардал гаргаж байна. Эдгээр компаниуд 55 тэрбум төгрөгийг зөвхөн байрны түрээст зарцуулж байгаа нь дэндүү тансаглал юм. Төрийн өмчит компаниудын данхар бүтцийг цөөлж, үр ашиггүй газруудыг татан буулгах хэрэгтэй.
Тухайлбал, Барилгын хөгжлийн төв гэх мэт байгууллагууд дөрвөн дэд даргатай байгаа нь дарга нарын ангийг хэт олшруулсны илрэл юм. Энэхүү "дарга анги"-ыг цөөлж, төсвийн үрэлгэн зардлыг танаснаар иргэдийн татварын ачааллыг хөнгөлөх нөөц бололцоо хангалттай бүрдэнэ. Тиймээс ХХОАТ-ыг нэг хувь болгох хуулийн төслийг УИХ-ын гишүүд дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.
0
0
0
0
0
0