УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны /2017.04.25/ хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал бол Засгийн газраас 2017 оны хоёрдугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг байв. Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг танилцууллаа. Төсөлд иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчтай холбоотой зохицуулалтыг шинээр нэмж оруулах, гэрч хохирогчийг мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, таслан сэргийлэх арга хэмжээний төрөлд цэргийн албан хаагчтай холбоотой таслан сэргийлэх арга хэмжээг нэмэх, анхан, давах, хяналтын шатны шүүхээс прокурорт хэрэг буцаах зохицуулалтыг нэмэх, сэжигтнийг баривчлах хугацааг 48 цаг болгож өөрчлөх зэрэг зарчмын шинжтэй саналуудыг Ажлын хэсгээс томъёолон бэлтгэсэн болохыг санал, дүгнэлтэд дурдлаа.
Түүнчлэн төсөлд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг заавал хийхээр тусгасныг өөрчилж, талуудын хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар хийхээр тусгаж, үүнтэй холбоотойгоор яллагдагчийг урьдчилсан хэлэлцүүлэг хийхгүйгээр шүүхэд шилжүүлэх зохицуулалт оруулахаар саналын томъёолол бэлтгэсэн байна. Мөн төсөлд гэм буруугийн шүүх хуралдааныг заавал хийхээр тусгасныг өөрчилж, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаж байгаа тохиолдолд хийхээр, шүүх бүрэлдэхүүн өөрчлөгдөхгүй байхаар нэмж тусгах талаар зэрэг Ажлын хэсгээс төслийн талаарх зарчмын зөрүүтэй нийт 70 санал, дагалдах хуулийн төслийн талаарх нэг саналыг бэлтгэн томъёолсон байна.
Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг танилцуулсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, тодруулга хийлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг дэмжиж буйгаа О.Батнасан гишүүн илэрхийлээд “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага, албан тушаалтны тухай зохицуулалт төслийн 6 дугаар зүйлд тусгагдсан байна. Үндсэн хуулиар прокурорын байгууллага бол хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих үндсэн үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлэх үүднээс УЕП-ын дэргэд байсан мөрдөн байцаах албыг сэргээх эрх зүйн зохицуулалтыг тусгах боломж бий юү” хэмээн Ажлын хэсгээс асуусан юм. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, харъяаллын дагуу тусгай субьектуудын хэргийг шийдвэрлэдэг УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах алба 2002 онд батлагдсан хуулиар байгуулагдан ажиллаж байсан ч 2014 онд татан буугдсан гэдгийг хэлээд, Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд энэ асуудал хөндөгдөөгүй гэдэг хариулт өглөө.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Мөнхбаатар, О.Баасанхүү, Ш.Раднаасэд нар Ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авсан юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг дөрвөн сарын турш ажилласан хэмээн Х.Нямбаатар гишүүн мэдээлэл өгөв. Хуулийн төсөлд нь хэргийг мөрдөгч биш, прокурор мөрддөг системд суурилан боловсруулагдсан бөгөөд боловсруулалтын шатандаа хэд хэдэн удаа шинэчлэгдсэн онцлогтойг тэрбээр дуулгав. Тиймээс Ажлын хэсэг хэлэлцүүлэгт бэлтгэх явцдаа мөрдөгч хэргийг мөрддөг уламжлалт тогтолцоонд нийцүүлэх зорилт тавьсан байна. Мөн хэрэг түдгэлзүүлэх гэдэг ойлголтыг халах үүднээс хэрэг бүртгэлтийн хэргийг нээж, гурван сар тутам хэрэг бүртгэлтэй холбоотой хийгдэж буй ажиллагаагаа прокурорын байгууллагад танилцуулах, тухайн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар хэрэг хаагдах зэрэг байцаан шийтгэх ажиллагаанд хэд хэдэн шинэчлэл хийх зорилт дэвшүүлсэн гэлээ.
Ийнхүү хэлэлцүүлгийн явцад хуралдаанд оролцогчид хуулийн төсөлтэй холбогдуулан өөрсдийн санал бодлоо илэрхийлж, зарим зүйл, заалтыг тодотгож хариулт авсны дараа Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэлээ.