Монгол Улс эдийн засгийн хямралыг даван туулахын тулд ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт” хамрагдахаар болсон. Тус хөтөлбөр батлагдвал манай улс 5,5 тэрбум ам.долларын зээл авах боломж бүрдэнэ хэмээн холбогдох албаныхан мэдэгдсэн. Харин үүний хариуд ОУВС-гаас манай Засгийн газрыг орлогоо нэмж, зарлагаа бууруулах үүрэг өгчээ.
Олон Улсын Вальютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хүрээнд Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг боловсруулж өргөн барилаа. ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөрт хамрагдахын тулд 6-7 төрлийн татвар нэмэхээр төлөвлөсөн.
Тухайлбал, Шатахууны онцгой албан татварыг долдугаар сарын 1-нээс, Хүн амын орлогын албан татварыг орлогоос шалтгаалан 10-20 хувь шатлалтай нэмэх, Нийгмийн даатгалын шимтгэлийг 2017-2019 онд 1,2 хувиар нэмэгдүүлэх, Суудлын автомашины онцгой албан татварыг насжилтаас нь хамаарч 3-15 хувиар,Тамхи, согтууруулах ундааны татварыг 5-10 хувиар, Хадгаламжийн хүүгийн орлогыг албан татварыг энэ оны дөрөвдүгээр сарын 01-нээс нэмэх, Импортын тамхимд ногдох Гаалийн албан татварыг 30 хувиар нэмэгдүүлэх зэрэг 7 төрлийн татварыг нэмэх санал дэвшүүлжээ.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэлэхдээ дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6,015.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.1 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 8,789.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,774.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 10.6 хувьтай тэнцэнэ гэв. Татвар нэмэгдэхээр орлого өсөх нь ойлгомжтой. Эдийн засагчид ч татварын орлогыг 65,8 тэрбум төгрөгөөр өснө гэж тооцоолжээ. Татвараа нэмээд орлогоо нэмэгдүүлчихлээ. Харин одоо зарлагаа яаж хумих вэ гэсэн асуулт үүсч байна. Төрийн мөнгөөр гадаад руу гэр бүлийнхэнтэйгээ аяладаг, төсвийн мөнгөөр зугаалдаг эрхмүүд төрд олон бий. Засгийн газар төсөвт тодотгол хийхдээ төрийн өндөр дээд албан тушаалтануудын хэрэглээг 400 тэрбумаар нэмж тусгажээ. Чухамдаа төр биш иргэд бүсээ чангалах болж байна.
УИХ-ын гишүүн М.Содбаатар “Өдрийн сонинд” өгсөн ярилцлагандаа “татвар нэмэхдээ эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй энэ үед ард түмний амжиргаа, бизнес эрхлэгчдийн халаас руу орохгүй байхаар шийдье гэж бодож байгаа” хэмээн дурьджээ. Угтаа бол татвар нэмэгдвэл иргэдийн халаас нимгэрнэ гэхээс л зузаарахгүй нь лав. Савалгаатай эдийн засагтай манай улсад бензины үнийг дагаад өдөр тутмын барааны үнэ өсдөг. Цалин, тэтгэвэр нэмэгдээгүй энэ үед иргэдэд дарамт болох нь гарцаагүй. Олон төрлийн татварыг гэнэтийн байдлаар нэмж байгаа нь бас л буруу. Татварыг 10 хувь л нэмэхэд бөөн асуудал үүсдэг гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Гэтэл татварыг огцом нэмэх шийдвэр гаргачихлаа. Манай улс 20 жил нуугдмал байсан эдийн засгийг ил болгосон. Харин татварыг нэмэгдүүлчихээр эргээд татвараа нуудаг тогтолцоо руу орох вий.