Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд нийслэл болон хөдөө орон нутгийн гар урлаачдын 2000 гаруй бүтээлийг дэлгэсэн арга хэмжээ болж байна.
Соёлын яам, “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-тай хамтран “Уламжлалт гар урлалыг дэмжих хөгжүүлэх боломж, шийдэл-2022” цогц арга хэмжээг зохиож байгаа юм. Энэ хүрээнд гар урлаачдыг чадавхжуулах сургалт хэлэлцүүлэг мөн болно. Соёлын сайд Ч.Номин энэ талаар “Энэ удаагийн цогц арга хэмжээний хүрээнд гар урлаачдынхаа бүтээлийг бүтээгдэхүүн болгох, үйлдвэржилтэд шилжихэд хэрхэн дэмжлэг үзүүлэх вэ гэдэгт түлхүү чиглэсэн. Өнөөдрийн арга хэмжээнд ирсэн бүтээлүүдээс хөгжүүлэлт, бойжуулалт хийж олон улсын зах зээлд гаргахад анхаарч байна. Гар урлаачдын бүтээл бүтээгдэхүүн болж эдийн засгийн эргэлтэд орсноор олон улсын зах зээлд гарах боломж бүрдэх юм. Цаашлаад 2023-2024 оныг аялал жуулчлал, Монголд зочлох жил болгож байгаа. Тэгэхээр Монголыг зорих аялагч, жуулчдын тоо нэмэгдэнэ. Энэ утгаараа монгол ахуй соёлоо харуулсан бүтээгдэхүүн үйлчилгээгээ дэмжих нь чухал” гэв.
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “ Улаанбаатар хотын хэмжээнд 43 мянган ААН, 674 мянган жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг эрхэлж байна. Нийслэлийн хэмжээнд 30 мянган гар урлаач бий. Энэхүү арга хэмжээгээр олон улсын чиг баримжаатай шилдэг 100 бүтээлийг шалгаруулж, батламж гардуулна. Бид Азийн хөгжлийн банктай анхан шатны гэрээ, аман хэлэлцээр хийсэн. Мөн олон улсын зах зээлд гаргахын тулд 1-3 жилийн хугацаанд нийслэлийн ЖДҮҮ-ийг дэмжих төв гар урлаачидтай хамтран ажиллана” хэмээн хэлсэн юм.
ЖДҮҮ-ний салбар Монгол улсын нийт хөдөлмөрийн зах зээлийн 70 гаруй хувийг, ДНБ-ий 18.3 хувь, нийт экспортын орлогын 2.4 хувийг бүрдүүлдэг. Энэхүү форум цогц арга хэмжээгээр ЖДҮҮ салбарын эдийн засгийн чадамжийг нэмэгдүүлэх, олон улсын зах зээлд гаргах ач холбогдолтой болж буйгаараа онцлог.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Хүмүүсийн хэрэглээнд болон дэлхийн зах зээлд нэвтрэхүйц бизнесийн арга ухаан бидэнд дутмаг байсаар байна. Бид дүүргүүд дээр буй дэд төвүүдийг гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг төвүүд болгон хөгжүүлж байгаа. Чингэлтэй дүүргийн төв дээр байгаа бизнес төв яг энэ зарчмаар хөгжсөн” гэлээ.
Үзэсгэлэнд монгол үндэсний хувцас урлал, эсгий урлал, монголын уламжлалт арьс ширэн эдлэл, монгол зураг, уламжлалт сийлбэр, уран хатгамал, оёдол, нэхэх, сүлжмэл, наамал урлал болон үндэсний хөгжмийн зэмсэг, мал аж ахуйн тоног хэрэгсэл, монгол дарханы уламжлалт арга ухаанаар бүтсэн олон төрлийн бүтээлүүд багтаж байгаа юм.