БНСУ гадаадын мэргэжилгүй иргэдэд олгодог “Е-9” ангиллын визээ өнөө жил нийт 56 000 хүнд олгохоор болсныг Монгол Улсын Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас уламжлав. “E-9” ангиллын визтэй бол тус улсад найман сараас есөн жил хүртэлх хугацаагаар ажиллаж, амьдрах боломжтой.
Энэ жил тус улс дахь гадаадын 7500 иргэний визийн хугацаа дуусаж буй бөгөөд БНСУ үйлдвэрлэлийн салбарт 42 300, хөдөө аж ахуйн салбарт 6600, загас агнуурын салбарт 2600, барилгын салбарт 2400, үйлчилгээний салбарт 1100 ажилтан шинээр авахаар ажлын байр зарласан байна. Дашрамд, хууль бусаар хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдийг нутаг буцаах арга хэмжээгээ эрчимжүүлнэ гэдгээ тус улсын Цагдаагийн албанаас мэдэгджээ.