АТГ: Туулын хурдны замын төсөлд Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байна


1 цаг

АТГ, ЦЕГ-ын хамтарсан мөрдөн шалгах ажлын хэсгийн явц, үр дүнгийн талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ЦЕГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар нь Туулын хурдны зам төслийн урьдчилгаа төлбөр болох 500 тэрбум төгрөг олгохдоо худалдан авалтын тухай хуулийн заалтыг зөрчиж, санхүүжилтийн эрхийг тухайн үеийн орлогч Т.Даваадалайд шилжүүлж, урьдчилгааг шилжүүлсэн. Улмаар есдүгээр сарын 25-нд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан ба мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хуульд заасны дагуу яллагдагчаар татагдсан этгээдэд биечлэн танилцуулах ёстой ч ирээгүй, гадагшаа явсан бүртгэлтэй байна. Тиймээс олон улсын цагдаагийн байгууллагад хаяг байршлыг тогтоохоор интерполоор эрэн сурвалжилж байна. 

  Туулын хурдны зам төсөлд Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байна. 339 тэрбум төгрөгийн шилжилт, хөдөлгөөнийг царцаасан. Дээр дурдсан 500 тэрбумын 339 тэрбумыг царцаасан, үлдсэнийг төсөлд зарцуулжээ. Туул голын дунд насны бургасан ойг шилжүүлэх ёстой байтал хавтгайруулан огтлолт хийж, байгаль экологид 352 сая төгрөгийн хохирол учруулсан. Шинэ тойрог авто замын төслийн ТЭЗҮ нэртэй 16,9 тэрбумын тендер зарлаж, Нийслэлийн орлогч асан Т.Даваадалай өөрийн хамааралтай этгээдүүдийг шалгаруулсныг шалгаж байна. 

    Тодруулбал, Сэлбэ дэд төвийн орон сууцны цогцолбор төслийн 994 айлын 14 блок айлын 223,4 тэрбумын төсөвт өртөгтэй. Үүнд нэр бүхий хуулийн этгээдийг сонгон шалгаруулахдаа бусдад эдийн засгийн давуу байдал олгосон үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Нийслэлд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөртэй холбогдуулан шалгахад Х.Нямбаатар өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдэд нийтдээ 20 гаруй тендерийг хууль бусаар шалгаруулсан байж болзошгүй байна. Тухайлбал өөрийн хамааралтай С... этгээдийг удаа дараа тендерт шалгаруулж Сэлбэ дэд төвийн орон сууц төсөлд  3,8 тэрбумыг, Соёлын төв өргөөний эх барилгын засварт 678 сая төгрөг, мөн Хэнтий аймгийн Бэрх тосгоны сургуулийн барилгын ажлыг 1,7 тэрбум төгрөгийг төсөвтэй тендерт шалгаруулсан хэргийг шалгаж байна" гэлээ.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү