Монголын сайхан бичигтнүүд тодорлоо


7 жил

   Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны 21 дэх удаагийн шилдэгүүдийн бүтээл өчигдөр /2018/01/08/ Уран зургийн галерейд дэлгэгдлээ. Өнгөрөгч оны 10-р сард материалуудаа авч хэлэлцэн оны эхээр шилдэг бүтээлүүдийг ийнхүү танилцууллаа. “Монголын сайхан бичигтэн 2017” улсын уралдааны Сайхан бичигтэн анги, 12 дугаар ангийн сурагчид, Бичлэгийн бус бүтээл, Мэргэжлийн багш нар, 1-11 дүгээр ангийн сурагчид болон Уран бичлэг, Насанд хүрэгчид гэсэн долоон төрлөөр шилдгүүдээ тодруулсан юм.

“Хүмүүн бичиг” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа “Монгол бичгийг ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү уралдаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс 1000 гаруй оролцогч бүтээлээ ирүүлж, өмнөх онуудаас оролцогчдын тоо өссөн байна. Тухайлбал, уралдааны “Сайхан бичигтэн анги” ангилалд ерөнхий боловсролын сургуулийн 100 гаруй анги оролцлоо. Мөн манай уралдаанд гадаадын хүмүүс нээлттэй оролцдог. Энэ жилийн уралдаанд ӨМӨЗО-ны иргэн, Улаанбаатар их сургуулийн Монгол судлалын магистрын нэгдүгээр дамжааны оюутан Э.Цолмон Уран бичлэгийн ангилалд тусгай байрын шагнал хүртэсэн, өнгөрсөн жил Япон улсаас оролцож байсан хэмээв.

ӨМӨЗО-ны иргэн Э.Цолмоны бүтээл

Багш, сурагчдын хамтын хөдөлмөр, зүтгэлийг үнэлэх зорилгоор гурван жилийн өмнөөс тодруулж эхэлсэн “Сайхан бичигтэн анги” ангилалд энэ жил 100 гаруй анги оролцсоноос О.Болормаа багштай Баянхонгор аймгийн Баянцагаан сумын “Эрдмийн ундраа” ахлах сургуулийн 12 “б” анги тэргүүлж, Ба.Отгонсүрэн багштай Төв аймгийн Зуунмод сумын “Хүмүүн” цогцолбор сургуулийн 9 “а” анги дэд байрт шалгарлаа. Ингэснээр дээрх хоёр ангийн багш нар болон нийтдээ зургаан хүн гадаадад аялах эрхээр шагнууллаа.

“12 дугаар ангийн сурагчид” ангилалд Дундговь аймгийн Сайнцагаан сумын гуравдугаар сургуулийн 12 “б” ангийн сурагч Э.Чойжи-Одсэр, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 12 “б” ангийн сурагч Д.Содномдаш, 12 “а” ангийн сурагч Х.Түвшинтүлхүүр болон Баянгол дүүргийн “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч П.Тунгалагтамир нар тэргүүллээ. Тэргүүлсэн сурагчид МУИС, МУБИС-д  Хэл бичгийн чиглэлээр 100%-ийн тэтгэлэгтэйгээр 4 жил суралцах эрхтэй болж байгаа юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү