Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ шат өндөрлөж, аваргуудаа тодрууллаа.
Тэмцээнд нийт эмэгтэй 33 шатарчин оролцсоноос Дорноговь аймгийн иргэн Э.Одгэрэл алт, Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Д.Цээсүрэн мөнгө, Өмнөговь аймгийн иргэн Э.Мөнх-Амгалан хүрэл медаль, тусгай шагналыг ахмад шатарчин 63 настай М.Жаргалсайхан хүртэв.
Тус тэмцээнд оролцсон эрэгтэй 91 шатарчдаас Хэнтий аймгийн иргэн Г.Амарсанаа алт, МУИС-аас оролцсон Г.Бат-Эрдэнэ мөнгө, УИХ-ын гишүүний туслах Н.Галцог хүрэл медалийн эзэн боллоо. Харин дөрөвдүгээр байранд Орхон аймгаас оролцсон Ч.Самбуудорж, тавдугаар байранд Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн Д.Мэндбаяр нар шалгарав.
Тусгай шагналын эзнээр ахмад шатарчин 66 настай Б.Дүүрэнбаяр тодорлоо.
Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний хаалтын үйл ажиллагааны үеэр УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн “Эх орны өнцөг булан бүрээс ирсэн нийт шатарчиддаа баяр хүргэе. Эхний гурван байр эзэлсэн эрэгтэй 3, эмэгтэй 3 шатарчидад “Дэд мастер”-ын цол олгохоор болсоныг баяртайгаар мэдэгдэж байна. Аварга болсон тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээнийг түрүүлэх болтугай” гэж хүсээд хамтран ажилласан Монголын шатрын холбоо, орон нутгийн шатрын холбоод болон нийт шүүгчдэд талархал илэрхийлэв гэв.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс