Монголын жюү жицүгийн холбооны өсвөр үе, насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үйл ажиллагаа боллоо. Спортын төв ордонд болж буй тус тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Монголын жюү жицүгийн холбооны хүндэт ерөнхийлөгч Б.Мягмардорж, дэд ерөнхийлөгч, алтан гишүүн “Money Polo” ХХК-ийн захирал Х.Эрдэнэбаатар, “Тэрэгт транс” ХХК-ийн захирал Г.Бат-Эрдэнэ, гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэ, мөн тус холбооны мөнгөн гишүүн “Янгир хайрхан” ХХК захирал ХУД-ын ИТХ-ын төлөөлөгч Ц.Чинзоригт, Олимпийн хүрэл медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Монгол Улсын Ардын багш Ч.Насантогтох, ерөнхий шүүгч АНУ-ын иргэн, “Ралф Грейсси Беркли салбарын захирал, жюү жицүгийн хар бүст Дэвид Клахан тэргүүтэй хүмүүс оролцлоо.
Монголын жюү жицүгийн холбооны ерөнхийлөгч “Жюү жицүгийн спорт Монгол Улсад хөгжөөд хэдийнэ арав гаруй жил болжээ. Энэ хугацаанд жюү жицүгийн спорт нь Монголд маш хурдацтай түгэн дэлгэрч, тив дэлхийн аваргуудтай болсон байна. Бидний хувьд ч энэ хугацаанд жюү жицүгийн спортыг улам хөгжүүлэхээр шаргуу ажилласаар ирлээ. Ингээд энэ удаагийн Монгол Улсын жюү жицүгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа 36 байгууллагын 400-иад тамирчдад амжилт хүсье” хэмээн онцолсон юм.
Энэ үеэр ерөнхий шүүгч АНУ-ын иргэн, “Ралф Грейсси Беркли салбарын захирал, жюү жицүгийн хар бүст Дэвид Клаханыг “Биеийн тамир спортын хүндэт тэмдэг”-ээр шагналаа.