Монголын жюү жицүгийн холбооны өсвөр үе, насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд энэ сарын 6-7-ны өдрүүдэд болох гэж байна.
Энэ удаагийн тэмцээн нь насанд хүрэгчдийн найм, мастерсийн дөрөв, No Gi төрлийн тав, өсвөр насны зургаа дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж байгаагаараа онцлог юм. Мөн тэмцээний ерөнхий шүүгчээр АНУ-ын иргэн, ОУ-ын шүүгч, жюү-жицүгийн хар бүст David Clahan ажиллахаар болжээ.
Энэ удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд хот, хөдөөгийн нийт 30 байгууллагын 346 тамирчин өрсөлдөхөөр бэлтгэлээ базаагаад байна.
Тэмцээний эхний өдөр өсвөр үе, насанд хүрэгчид, мастерс ангиллын тэмцээн болж шилдгүүдээ тодруулна. Харин тэмцээний хоёр дахь өдөр No Gi болон контак жюүжицүгийн анхдугаар тэмцээн тус тус болох юм. Мөн тамирчдын жинг барилдах өдрийн өмнө өдөр 17:00цагаас үзэх бөгөөд тамирчид барилдааны өмсгөлтэй /Gi/ жин дээр зогсоно.
Дашрамд дуулгахад, энэ сарын 27, 28-нд Монголын жюү жицүгийн холбоо Арабын нэгдсэн Эмират улсын холбоотой хамтран Азийн нээлттэй тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар бэлтгэж байна.