Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн шинэ барилга байгууламжууд ашиглалтад орж, байлдааны тугаа ч гардан авлаа. УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд баруун аймгуудад ажиллахдаа энэ ангийн шинэ байгууламжуудыг ашиглалтад хүлээн авч, цэргийн ангийн дайчин уламжлал, бахархал, эх орноо батлан хамгаалах ариун үүрэг, алдар гавьяаны илэрхийлсэн болон байлдааны тугийг нь ёслол төгөлдөр гардуулан өгсөн юм.
Хурандаа Ц.Буянтогтох захирагчтай Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийнхан шинэ оноос өмнө албан тушаалын 40 айлын орон сууц, штабын байр, цэргийн гал тогоо, шалган нэвтрүүлэх байр, цахилгааны дэд өртөө зэрэг олон бүтээн байгуулалтыг хүлээн авч, төвхнөхөд бэлэн болсон нь энэ. Энэхүү бүтээн байгуулалтыг хурандаа Б.Дорждэрэм захирагчтай Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийнхан маш богино хугацаанд барьж ашиглалтад оруулсан байна.