2017 онтойгоо хамт баяртай гэж хэлэх хэрэгтэй гоёл


6 жил

Моод гэдэг нэг хэвэндээ удаан байдаггүй жамтай. Жилээс жилд хувьсан өөрчлөгдөх бөгөөд үүнийг дагаж, охид бүсгүйчүүд хувцаслалт, нүүр будалт зэргээ сольж өөрчлөх хэрэг гардаг. Мэдээж хэдийн моодноос гарсан загвараар хувцаслах нь таныг мэдрэмжгүй, хоцрогдмол нэгэн мэт харагдуулах сөрөг талтай бол шинэхэн трэндийг дагаж, баримтлахгүй гээд ч яах билээ. Иймд бид 2018 он гэхэд моодноос гарах хувцаслалтыг танилцуулъя. 

Уранхай жинс  

Хүн бүр л уранхай жинсийг сонгон өмсөж, энэ нь хэт форм болсон тул одооноос тус төрлийн хувцсыг мартах хэрэгтэй болжээ. Хэрэв та үргэлж шинэ үетэй хөл нийлүүлэн алхаж, бусдаас өвөрмөц байхыг хүсдэг нэгэн бол, уранхай жинсийг өмсөхөөс татгалзаарай. Аливаа хувцас, гоёл чимэглэл форм болсон үедээ моодноос гардаг жамтай тул хүн бүрийн сонгох болсон жинсэн өмдийг шинээр худалдаж авах хэрэггүй. Үүний оронд та богино буюу шагай гарсан загвартай өмднүүдийг сонирхон өмсөж болох юм.  

Чокер 

2016 болон 2017 онд хамгийн их трэнд болж охидын дунд моодонд орсон зүйл бол яахын аргагүй чокер юм. Хүзүүг урт, үзэсгэлэнтэй харагдуулах тус зүүлтийг 2017 онтойгоо хамт баяртай гэж хэлэх хэрэгтэй. Учир нь ирэх жилүүдэд илүү гоёмсог, чамин зүүлт моодонд орох гэнэ.  

Омбре үс 

Омбре үс нь охидын дунд трэнд болж, урт богино гэлтгүй үстэй хүн бүхэн л үүнийг сонирхож, үсээ будуулж байсан гэхэд хилсдэхгүй. Харин одоо энэ нь моодноос гарч, уусгалттай бус, дан өнгийн үс трэнд болж байна. Тиймээс бүсгүйчүүд маань омбре будалтаас татгалзаж, даруухан өнгөтэй болоод тогтоц сайтай будгаар үсээ будаарай.  

Хурц хумс 

Хумс бол эмэгтэй хүний хамгийн гоёмсог чимгүүдийн нэг билээ. Өнгөрсөн жилүүдэд урт, хурц хумснууд трэнд болж байсан бол, ирэх жил даруухан болоод дундаж урттай хумс моодонд орох төлөвтэй байна. Тиймээс та одооноос хумсаа янзлуулахаар бол, хэт урт, хурц байлгахаас татгалзаарай. 

Ягаан өнгийн хувцас 

Ягаан өнгөнд дурладаггүй эмэгтэй хүн гэж тун ч цөөхөн болов уу. 2017 оны трэнд өнгө болсон ягаан өнгийн хувцас нь эмэгтэй хүнийг уян зөөлөн болоод дур булаам харагдуулдаг давуу талтай. Харин та тус өнгийн хувцсанд 2017 онтойгоо цуг баяртай гэж хэлээрэй. Учир нь ирэх жил хүрэн, бор өнгө трэнд болж, таныг улам бүр үзэсгэлэнтэй харагдуулахаар хүлээж байна.  

Өвөрмөц, содон нүүр будалт 

Хүн болгон л бусдаас өөр байхыг хүсдэг бас хичээдэг. Тиймдээ ч сонин содон байдлаар нүүрээ будаж, бусдын анхаарлыг татдаг билээ. Гэхдээ энэ байдал тийм ч удаан үргэлжлэхгүй бололтой. Учир нь 2018 онд даруухан болоод натурал төрх трэнд болж, эмэгтэйчүүдийг хуйлруулах аж.  

Эх сурвалж: Саак.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү