Улсын Их Хурал Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай саналыг зөвшилцөх асуудлыг өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн талаар буруу ташаа мэдээлэл түгж байгаад УИХ-ын дарга М.Энхболд тайлбар хийв.
Өнөөдрийн чуулганы хуралдааны эхэнд хийсэн мэдээлэлдээ тэрбээр, Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох талаар зөвшилцөх асуудлыг УИХ Ерөнхийлөгч Х.Баттулгаас 2017 оны 11-р сарын 08-ны өдөр хүлээн авсныг таван долоо хоногийн дараа хэлэлцсэн. Энэ хугацаанд УИХ-ын зарим гишүүдээс гаргасан саналын дагуу Нийтийн сонсгол явуулах асуудлаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Ажлын хэсэг байгуулж ажилласан. Ажлын хэсэг Нийтийн сонсгол хийх хууль эрх зүйн боломж байхгүй байна гэдгээ хэлсэн. УИХ-ын хуралдаан нэгэнт тогтсон хуваарийнхаа дагуу өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт асуудлыг хэлэлцсэн юм. Энэ нь УИХ-ын хоёр гишүүний санаачлан зохион байгуулсан Нээлттэй сонсголтой зориуд зэрэгцүүлсэн зүйл биш гэдгийг онцлов.
Түүнчлэн Элчин сайдыг эгүүлэн татах, томилгоог зөвшилцөх асуудлыг Засгийн газар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барихаасаа өмнө нухацтай авч үзэх ёстой байсан. Засгийн газрын өргөн барьсан асуудлыг л УИХ хэлэлцсэн. Үүгээр УИХ-ыг буруутган ярьж байгаа зарим нэг Засгийн газрын гишүүдийн үйлдлийг зохимжгүй гэж үзэж байна.
Засгийн газар өргөн барьсан асуудлаа татаж авч болдог. Гэтэл таван долоо хоногийн турш энэ талаар хөндөөгүй. УИХ зөвшилцөх асуудлыг хэлэлцсэний дараа Засгийн газрын хоёр гишүүн нь УИХ томилсон мэт буруу ташаа мэдээлэл өгснийг Ерөнхий сайд анхааралдаа авах нь зүйтэй. Засгийн газар дээр шийдсэн асуудлаар гишүүд нь нэг байр суурьтай байж, танхимын зарчмыг баримталдаг ёс журамтай” гэлээ.
Элчин сайдаар томилох, эсэх асуудлыг Ерөнхийлөгч шийднэ. УИХ бол Элчин сайдыг томилдог байгууллага биш. Засгийн газраас нэрийг нь дэвшүүлсэн хүнийг Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Элчин сайдаар томилохоор зөвшилцөх санал ирүүлснийг л хуулийн дагуу хэлэлцсэн гэдгийг тэрбээр тодотголоо.