18 иргэн орон сууцтай боллоо


8 жил

“Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гаас энэ сарын эхэнд 15 иргэн сангийн шаардлагыг хангаж орон сууцны түлхүүрээ гардан авч байсан бол өнөөдөр 18 иргэн орон сууцныхаа түлхүүрээ гардан авлаа.

Өнөөдрийн байдлаар тус сангаас 53 иргэн дэмжлэг авч орон сууцаар хангагдаад байгаа аж. Дэмжлэг авахыг хүссэн иргэдийн тоо ч өдөр ирэх бүр нэмэгдэж байгааг албаныхан онцолж байлаа.   

Сүхбаатар дүүргийн 18-р хорооны иргэн н.Болд “Анх санаандгүй явж байгаад энэ талаар мэдсэн. Мэдсэн даруйдаа эгчдээ хэлээд, өнгөрсөн долоодугаар сарын 28-нд энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ өгсөн. Ингээд НЗДТГ болон банкнаас тавьсан шаардлагыг хангаад, өнөөдөр байрныхаа түлхүүрээ гардан авч байна. Эхэндээ хэн нэгэн танил талгүйгээр бүтэхгүй гэсэн хар байсан. Гэхдээ энэ бол ямар ч асуудалгүйгээр болдог юм байна гэдгийг харж байна” хэмээлээ.

Нийслэлийн удирдлагын зүгээс агаарын бохирдолтой тэмцэх олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү сан бөгөөд үүгээр дамжуулан зах зээл дээр борлуулагдаагүй 15 мянган орон сууцыг эргэлтэд оруулах, иргэдээ хамгийн таатай нөхцөлөөр орон сууцанд хамруулахыг зорин ажиллаж байгаагаа хотын дарга хэлээд, энэхүү сангийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж байгаа арилжааны банкнуудад мөн талархаж байгаагаа илэрхийллээ.

Энэхүү сан нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчдын орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг санхүүжүүлж, гэр хорооллын бүсийн иргэдээ орон сууцжуулж байна.

Гэр хорооллын хөгжүүлэх сан үйл ажиллагаагаа цаашид тогтмол үргэлжлүүлэх юм. Хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар хүлээн авч байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү