UBS телевиз гэхээр та бидэнд хамгийн түрүүнд CITY NEWS мэдээллийн хөтөлбөрийн нэвтрүүлэгч Г.Оюунцэцэг санаанд буудаг гэхэд хилсдэхгүй. Монголын телевизийн урлагт царай зүс, дуу хоолой, авьяас билгээрээ өнөөг хүртэл үлгэр жишээ яваа нэвтрүүлэгч бүсгүй 20 гаруй жилийн хөдөлмөрөө зориулсан UBS телевизийн хамт олноо орхиж буйгаа Фэйсбүүк хуудсаараа зарлажээ.
Мөн түүнтэй хамт тус телевизийн залуу үеийг өнгөлж яваа хөтлөгч Ж.Анхбаяр бууриа сэлгэхээр шийдсэн байна. Ер нь сүүлийн үед телевизүүд чадварлаг, чансаатай уран бүтээлчдийг өндөр цалин амлан өөртөө авах тохиолдол цөөнгүй гарч байна. Тэд юуны учир олон жил үнэнчээр зүтгэсэн байгууллагаа орхих болов, бас аль телевизийн нүүр царай болж буй нь тодорхой бус. Гэхдээ “нууц” тун удахгүй ил болох биз.