Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг улс орон даяар хэлэлцүүлэг зохион байгуулсан. Уг хэлэлцүүлгийн дүнгийн тухай танилцуулгыг УИХ-ын Тамгын газрын Ажлын хэсгээс Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцанд өнөөдөр гардуулан өгөх аж.
Энэ талаар УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан “УИХ-ын Тамгын газар орон даяар зохион байгуулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар ирүүлсэн иргэдийн саналыг нэгтгэж байна. Одоогоор 300 мянга гаруй санал ирээд байгаа. Үүний зэрэгцээ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж эхэллээ. Уг төслийг 2017 оны арванхоёрдугаар сарын 15 гэхэд бэлэн болгоно. 2009 онд батлагдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг ягштал баримталж, энэ хүрээнд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулна.
Төслийг УИХ-аар хэлэлцээд 51-ээс дээш гишүүн дэмжсэн нөхцөлд ард түмний санал асуулгаар иж бүрэн шийднэ” хэмээн ярьж байсан юм.
Тэгвэл төслийг удахгүй УИХ-д өргөн барих бололтой.