Баатар хот Москагийн нэрэмжит, улсын тэргүүний БСШУСЯ-ны лаборатори 33 дугаар дунд сургуулийн усан бассейн, заалны нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Д.Пүрэвдаваа, 33 дугаар сургуулийн захирал Н.Энхбат болон албаны бусад хүмүүс болон тус сургуулийн багш, сурагчид, эцэг эхчүүд төлөөлөл оролцлоо.
Уг усан бассейныг анх Ерөнхийлөгчийн зөвлөх, Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Д.Пүрэвдаваа санаачилан гаргасан бөгөөд багадаа энэ хавьд өсөж том болсон элэгсэг сайхан байдаг. Сургуулийн спорт заалны болон бассейны барилгын ажлыг хийсэн хамт олон, санаачлагыг дэмжсэн сургуулийнхан болон Баянзүрх дүүргийн хамт олонд талархал илэрхийлсэн юм. Тэрээр 33-р сургуулийн сурагчдыг спортлог мундаг хамт олон, илүү их хичээж мундаг тамирчид гаргахыг хүсэж байна хэмээн сэтгэгдэлээ хэллээ.
Усан бассейн бүхий спорт цогцолборыг улсын төсвийн санхүүжилтээр 2,8 тэрбум төгрөгийн өртөгөөр барьжээ. 25 м урттай хоёр усан замтай, 10 метрийн урттай хоёр бассейн, спорт заал, чийрэгжүүлэлтийн танхим зэргийг барьж босгосон байна.
Усан бассенд тус сургуулийн сурагчид дугуйлан секц /төлбөртэй/ маягаар гурван багштай хичээллэх гэнэ. Үүнээс гадна хичээлийн бус цагаар бусад хүмүүс хичээллэх боломжтой. Одоогийн байдлаар усан бассейны төлбөр тогтоогдоогүй байгаа аж.
-Тус сургуулийн захирал Н.Энхбатаас бассейны төлбөрийн талаар лавлахад
-Бассейны эрүүл ахуйн шаардлага хангахад хэрэгцээтэй эд материал зэргийг хангах шаардлагатай учир төлбөртэй секц маягаар хичээллэх болсон.
-Сурагчид биеийн тамирын хичээлийн цагаар анги хамт олноороо хичээллэх боломжтой юу?
-Нэг ангийн бүх сурагчид нэгэн зэрэг бүгд хичээл маягаар орох боломжгүй тиймээс дугуйлан хэлбэрээр орох болсон хэмээн хариуллаа.