Тэрбээр “Эрхэм хүндэт журмын нөхдөө. МАН-ын түүхт 28 дугаар Их хуралд төлөөлөгчөөр ирсэн эрхэм хүндэт төлөөлөгчдөө. Түүхэн их хурлаар МАН-ын дарга гэх хариуцлагатай үүргийг хүлээн авлаа. Тэр тусмаа өөрийн журмын нөхөр М.Энхболд даргаас хүлээж авсандаа баяртай байна. Эрхэм хүндэт, МАН-ын дарга асан, УИХ-ын дарга М.Энхболд таны амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Мөн надтай хамт намын даргад өрсөлдсөн Д.Хаянхярваа танд чин сэтгэлийн талархал дэвшүүлье. МАН бол Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюул байдлыг хамгаалах гэж байгуулагдсан ууган хүчин. Энэ нам бол эцэг нам. Монголдоо төдийгүй Ази, номхон далайд байгуулагдсан анхны нам гэдгээрээ бахархаж явдаг. 1945 оны чөлөөлөх дайнд энэ намын олон залуус алтан амиа өргөсөн.

Атар газрыг эзэмшиж, анхны танхимаа байгуулж, соёл урлагаа түгээж, сансарт гишүүнээ хүртэл нисгэж байсан түүхтэй нам. НҮБ-ын ариун индэр дээр намируулж, энэ Монгол Улсаа дэлхийн гишүүн болгосон нам бол МАН юм. Ард иргэдээ 100 хувь бичиг үсэгтэй болгосон нам бол МАН юм. Төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн нийгэмд шилчихэд ч бид түүчээлж байлаа. Энэ намын үе үеийн эрэлхэг зоригтой аавын хүү, ээжийн охид дайны цагт цусаа урсгаж, энхийн цагт хөлсөө урсгаж байсан.

Бид энэ намаараа бахархаж явах ёстой. Энэ түүхт намын даргаар би сонгогдлоо. Надад асар их хариуцлага ачаа ирж байна. Улс орны эдийн засаг хүндхэн, нам доторх үйл явдал өрнөсөн цагт намын дарга болж байна. Намын Их хурлаа сайхан хийлээ. 210 мянган гишүүнийг төлөөлж ирсэн та бүхний магтаал сайшаал, зэмлэлийг бүгдийг нь сонслоо. МАН бол эв нэгдэлтэй нам. Монгол гэдэг айлын ууган хүү юм. Би намынхаа эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно. Улс орны эдийн засгийн уналтыг зогсоож, сэргээх хариуцлагатай үүрэг ч надад оногдож байгаа.

32, 33-ын хагарал энэ цагаас эцэс болж байгааг зарлая. 

 

Би чөмгөө дундартал зүтгэнэ. Хичээж зүтгэж ажиллана. Монгол Улс мандан бадраг. Ардын засаг бадрах болтугай” гэсэн юм.