Жил бүрийн 11-р сарын 17-ны өдөр нь дутуу төрөлтөөс сэргийлэх, дутуу төрсөн нярайн эрүүл мэндийг хамгаалахад бүх нийтийн анхаарлыг хандуулдаг чухал тэмдэглэлт өдөр юм. Анх 2008 онд Европийн эцэг эхчүүдийн холбооноос тэмдэглэж эхэлснээс хойш өнөөгийн байдлаар дэлхийн 200 улс орон тэмдэглэн өнгөрүүлж, 1.6 тэрбум гаруй хүнд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэл хүрч байна.
Дэлхийн хэмжээнд жил бүр 15 сая нярай дутуу төрж байгаагийн 1 сая нь нас барж байна гэсэн харамсалтай статистик үзүүлэлт гарчээ. Харин Монгол Улсад нийт төрөлтийн 7% нь дутуу төрдөг бөгөөд нярайн эндэгдлийн 65-70%-ийг дутуу төрсөн буюу бага жинтэй нярай эзэлдэг.