УИХ томилгоо хийхээсээ өмнө тухайн албан тушаалд нэр дэвшигчийн талаар нээлттэй сонсгол явуулах зохицуулалтыг Нийтийн сонсголын тухай хуульд заасан байдаг. Хамгийн багадаа 19 гишүүн гарын үсэг зурж санал гаргасан тохиолдолд нээлттэй хэлэлцүүлэг явуулах хуулийн зохицуулалттай. Үүний дагуу АТГ-ын дарга Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохоосоо өмнө нээлттэй сонсгол явуулах саналыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан гаргаад байгаа юм. Түүний саналыг 21 гишүүн дэмжиж гарын үсгээ зуржээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан уг саналаа сая УИХ-ын даргад өргөн барилаа. Мөн тэрээр Б.Хурцын томилгоог хэлэлцэх асуудлыг хойшлуулж өгөх хүсэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргад өгнө гэдгээ хэллээ.
Учир нь, тус Байнгын хороо өнөөдөр 14.00 цагт хуралдаж Б.Хурцыг БНСУ-ын Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан нээлттэй сонсгол явуулах саналаа УИХ-ын даргад өргөн барьж байгаатайгаа холбогдуулан мэдээлэл хийхдээ сэтгүүлчдийн асуултад дараахь байдлаар хариуллаа.
-Б.Хурц таныг шүүхэд өгсөн гэсэн. Энэ тухай танд албан ёсоор мэдэгдсэн үү?
-Намайг шүүхэд өгсөн гэж сонссон. Би хуульч хүн. Асуудлыг баримттайгаар гаргаж тавьдаг. Б.Хурцын хууль бус үйлдлүүдийн тухай баримт надад хангалттай бий. Би хүн гүтгэдэг, хэн нэгэн хүний мууг үздэг хүн биш. Хууль тогтоогчийнхоо хувиар ажлаа хийж байна.
-Нээлттэй сонсгол явуулах санал өргөн барьсан тохиолдолд хэд хоногийн дотор зохион байгуулах ёстой вэ. Хуульдаа юу гэж заасан байдаг юм бэ?
-Нийтийн сонсголын тухай хуульд 14 хоногийн дотор товлох ёстой гэсэн заалт бий. Яаралтай гэж үзвэл үүнээс ч наана зохион байгуулж болно.
Эх сурвалж: Eagle.mn