УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсангүй

УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсангүй


7 жил

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2017.11.02/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Засгийн газрын гишүүдийн томилох тухай Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан. Уг хоригт, “Монгол Улсын Их Хурал 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 36 дугаар тогтоол гаргаж “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-ийг баталсан бөгөөд тус хөтөлбөр нь хот төлөвлөлт, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, авто замын сүлжээг олон улсын жишигт хүргэх, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зэргээр эдийн засаг, нийгмийн бэрхшээлтэй асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэж, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь ханган баталгаажуулах үндсэн зорилготой байсан юм.

Харамсалтай нь тус хөтөлбөр батлагдсан өдрөөсөө хойш долоон жилийн хугацаанд бодитой ажил хэрэг болж хэрэгжсэнгүй. Агаарын бохирдлоос улбаалсан хүн амын өвчлөл, эрүүл мэндийн асуудал өнөөдөр ч бидний санааг зовоосоор, шийдлээ хүлээсээр байна.

Миний бие 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулган”-ыг санаачлан зохион байгуулсан бөгөөд тус чуулганаас  "УИХ-аас долоон жилийн өмнө баталсан боловч хэрэгжүүлээгүй ажлыг хийх шаардлагатай байна" гэсэн зөвлөмжийг гаргаж байна.

Монгол Улс дэд бүтэц, уул уурхайн салбар дахь ашиг сонирхол, авлигаар холбогдсон гучин гэр бүлийн хяналт дарангуйлалд бүрэн автаж, аливаа төсөл, хөтөлбөр тэдэнд ашиггүй бол гацдаг, гацаадаг бөгөөд Монголчуудын хүртэх ёстой ашгийг зөвхөн тэд л хүртдэг хэн бүхэнд ил болсон тогтолцоотой болоод удаж байна.

Иймд эдгээр гучин гэр бүлийн төлөөлөл болсон Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар томилсон Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн хэсэгчлэн хориг тавьж байна” хэмээжээ.

Хууль зүйн байнгын хороо 10 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа дээрх асуудлыг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн хэмээн Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд танилцуулсан.

Мөн Төсвийн байнгын хороо өнөөдөр дээрх асуудлыг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тус байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахдаа хэллээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, Г.Занданшатар, Б.Энх-Амгалан, Х.Болорчулуун, Ж.Мөнхбат, Д.Тэрбишдагва, Л.Энх-Амгалан, Д.Ганболд нар асуулт асууж, хариулт авсан.

Гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригт дурдагдсан дэд бүтэц, уул уурхайн салбар дахь ашиг сонирхол, авлигаар холбогдсон гучин гэр бүлийн талаар тодорхой мэдээлэл өгөх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Хотгор шанага” ХХК-ийн уул уурхайн лицензтэй холбоотой гэдгийг нотолсон баримт бий эсэх, Ерөнхийлөгчийн тавьсан хориг хуультай нийцэж буй эсэхийг тодруулж холбогдох Байнгын хороодын дарга нар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаас тайлбар, хариулт авсан.

Үргэлжлүүлээд гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсэний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн Байнгын хороодын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин,  Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсангүй хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
болд [218.100.84.xxx] 7 жил
Ашиг сонирхол нэг бол амиараа хамгаална л дээ эд нар