Засгийн газар өчигдөр ээлжит хуралдаанаа хийж таван асуудал хэлэлцсэн. Үүний нэг нь 2018 оны төсөвтэй холбоотой асуудал байлаа. Өмнөх Засгийн газар 2018 оны төсвийн төслийг өргөн барьсан ч буцаан татсан юм. Учир нь, шинээр бүрдсэн Засгийн газар төсвийн төслөө хянаж үзээд өргөн барих нь зүйтэй гэж үзсэн.
Үүний дагуу Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцжээ.
Гэвч үргэлжлүүлэн хэлэлцэх шаардлага гарсан учраас Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж дахин хэлэлцэхээр болсон юм. Улмаар үдээс хойш 2018 оны төсвийн төслийг бусад холбогдох төслүүдийнх нь хамт өргөн барихаар төлөвлөжээ.