НОХОЙН АЛБА ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГТЭЙ


8 жил

ЗХЖШ-ын АТГ-ын ЦЗХ-ийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа П.Чинзоригтой ярилцлаа.

-Нохойн албаны талаар санал солилцмоор байна. Зэвсэгт хүчинд хэрэгтэй юу? 
-Зэвсэгт хүчинд нохойн алба зайлшгүй хэрэгтэй. Эхлээд нохойны үнэрлэх чадварын талаар мэдээлэл хүргэе. Хүний хамарт 5 сая орчим үнэр хүлээн авагч байдаг бол мөрдөгч нохойн хамарт 300 сая хүртэл үнэр мэдрэгч байдаг. Нохойн хамар үнэр ялгахад зориулагдсан. Нохой үнэр ялгахдаа хүнээс 10000-100000 дахин илүү. Мөн хүнээс 10 дахин илүү сонсох чадвартай гэх зэрэг онцлогтой. Дэлхийн олон улсын Зэвсэгт хүчин нохойн албатай. Тэднийг харуул хамгаалалт, эрэл хайгуул, мөрч, тагнуулын чиглэлээр бэлдсэн байдаг. Манай Зэвсэгт хүчинд харуул хамгаалалтын чиглэлээр нохойг бэлдмээр санагдаад байдаг юм. Холын зайнаас үнэрийг ялгаж, сонсож мэдээллийг хамгийн түрүүнд харуулчдад мэдэгдэх, мөн устгаагүй энд тэнд булсан галт хэрэглэл зэргийг олж илрүүлэхэд хайгуул устгалын бүлгүүдэд эрэл хайгуул, мөрчийн чиглэлээр сургагдсан нохой маш хэрэгтэй гэж боддог.

-Гэвч бидэнд нохой сургах талаар дадлага туршлага байхгүй шүү дээ...
-Зэвсэгт хүчний хэмжээнд нохой сургалтын чиглэлээр бэлтгэгдсэн мэргэжлийн хүн байхгүй. Гэхдээ нохойн сургалт удахгүй явагдана. ЦЕГ-ын сургалтын төвд энэ чиглэлээр гадаадад бэлтгэгдсэн сургагч багш нар бий. Сүүлийн үед гарсан хар тамхины хэргийг дандаа ноход илрүүлсэн талаар сургалтын төвийн дарга, хурандаа Б.Цогтбаяр дурьдаж байсан. Цагдаагийн сургалтын төвөөс танай анги, байгууллагуудаас нохой сургагчийн дамжаанд суралцах хүсэлтэй цэргийн алба хаагчийг нохойны хамт явуулж болно гэсэн хүсэлт гаргасан. Манай Зэвсэгт хүчний анги, салбарын захирагч нар анхааралдаа авч, энэ талаар бодож үзээд нохойн албыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Эхний ээлжинд 015 дугаар анги, 278, 281 дүгээр салбараас сургах хүний нэрс тоог авсан, одоо бусад ангиас сургах хүсэлтэй цэргийн алба хаагчийг нохойны хамт ирүүлбэл сайн байна. Албан ёсны нохой сургагч гэсэн үнэмлэхтэй төгсөх юм. Мэдээж сургалт үнэгүй, гэхдээ өөрийн болон нохойны хоолны зардлаа ангиас юм уу хувь хүн өөрөө гаргана. Сургах саналаа албан бичгээр ЗХЖШ-ын АТГ-ын ЦЗХ-т ирүүлэх юм. Үүнээс гадна ЗХЖШ, ЦЕГ-ын харилцан ажиллах гэрээний дагуу ажлууд эхлээд явж байгаа. Иргэдэд галт зэвсгийн сургалтыг явуулах эрхийг Зэвсэгт хүчний 011, 015 дугаар ангиудад түшиглэн явуулах бэлтгэл ажил эхэлсэн. Хоёр ангиас галт зэвсгийн хуулийн талаар хичээл заах эрх авахаар дөрвөн багш сургалтад хамрагдсан юм. Энэ дөрвөн багш ЦЕГ болон БСШУЯ-наас албан ёсны сургалт явуулах эрхтэйгээр төгсч байгаа юм. Удахгүй тус хоёр анги бас иргэдэд галт зэвсэг эзэмших сургалтыг хуулийн дагуу явуулна.

-Ямар үүлдрийн нохой тохиромжтой вэ?
-Нохойн албыг Зэвсэгт хүчинд хэрэгжүүлэх хэрэгтэй гэдэг үүднээс нэлээн судалгаа явуулсан, сургагч багш нараас мэдээлэл авсан. Хүн болгон немц овчарка гэдэг боловч нохойн темперамент дотроос хамгийн хүнд дасамтгай, харуул хамгаалалтын чиглэлээр тохиромжгүй юм байна лээ. Харин роттвейлэр, довбермэн, буллмастифф зэрэг үүлдрийн нохой цэрэг, цагдаагийн чиглэлээр бэлтгэгддэг, том биетэй, хүчтэй бөгөөд сэжиг бүхий үйл хөдлөл, гадны хүнийг эзэндээ анхааруулахын зэрэгцээ хамгаалалтын хувьд хамгийн тохиромжтой. Энэ зориулалтаар ч үүлдрийг нь гаргаж авсан байдаг. Харин эрэл хайгуул, мөрчийн чиглэлээр манай эрс тэс уур амьсгалд кокор спаниель, герман овчарка, лабрадори үүлдрийн ноход хамгийн их тохирдог. Тэсрэх бодисыг илрүүлэхэд сургасан нохой дарь, тэсрэх бодисын үнэрийг хэдэн мянган молекул дундаас ч олж чаддаг байна. Өмнө нь металь илрүүлэгчээр илрүүлдэг байсан бол одоо тэсрэх бодисын шинж чанар шингэн, шаазан болон өтгөрүүлсэн саван хэлбэртэй ч болсон. Ийм болохоор зөвхөн харуул хамгаалалтын нохой гэлтгүй эрэлч, үнэрч, аврагч гэх зэргээр дагнаж олшруулах хэрэгтэй. Гамшиг ослын үед, террорист ажиллагааны эсрэг, олон нийтийг хамарсан эмх замбараагүй үед ч нохдыг өргөн ашигладаг болсон.

-Нохойн албатай болоход мэдээж хэрэг зардал гарах нь тодорхой...
-Албан ёсны нохойн албыг орон тоонд суулгаж хооллох зардал гаргах хэрэгтэй л дээ. Зарим улс орон нохойнд цэргийн цол өгчихдөг, цолны мөнгөөрөө нохой өөрийгөө санхүүжүүлээд явчихдаг тал бий. Гэхдээ энэ зардал нэг их асуудал биш. Хамгийн гол нь аюулгүй байдал, харуул хамгаалалт, хайгуулын хувьд ихээхэн дэвшил гарна гэж бодож байна.

Эх сурвалж: "Соёмбо" сонин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Энхмөнх [66.181.161.xxx] 5 жил
Нохойн албанд элсэхэд ямар боловсрол эзэмшисэн байх хэрэгтэй вэ