-Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагчдад олгох мөнгөн дүнг хэрхэн тооцдогийг тайлбарлаж болох уу. Үүрэг гүйцэтгэл бүрийн дараа хардлага, шүүмжлэл гарч байдаг нь нууц биш. Энэ талаар хариулт өгөөч?
-БНӨСУ болон Судан улсад явагдаж байгаа НҮБ-ын тэргүүлсэн энхийг дэмжих ажиллагаа, ИБНАУ-д явагдаж байгаа НАТО-гийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх хугацаа бүр өөр гэдгийг манай цэргийн алба хаагчид мэднэ. 2011 оны есдүгээр сарын долоонд батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 270 тоот тогтоол, НҮБ-ын шийдвэрийг үндэслэн тайлбарлая.
НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагчдад олгох мөнгөн дүн, 2014 оноос хойш гурван удаа өөрчлөлт орсон байдаг. Нэмэгдүүлсэн гэсэн үг. 2014 оны долоодугаар сарын нэгнээс сар бүр 1332 доллар, 2016 оны долоодугаар сарын нэгнээс 1365 доллар, 2017 оны долоодугаар сарын нэгнээс 1410 доллар болж нэмэгдсэн байна. Энэ нь НҮБ-ын тэргүүлсэн ажиллагаанд оролцогч орнуудын төр, засаг болоод Зэвсэгт хүчний удирдлагаас явуулсан хүсэлт, шаардлагатай холбоотой. Тодорхой жишээ татъя.
НҮБ-ын манддаттай ажиллагаанд манай цэргийн алба хаагч Баяраа 2016.09.01-2017.09.01 хүртэл 12 сарын хугацаатай үүрэг гүйцэтгэлээ гэж тооцвол 2017 оны долоодугаар сарын нэгэн хүртэл 10 сар нь 1365 доллараар, 2017 оны есдүгээр сарын нэгэн хүртэлх хоёр сар нь НҮБ-ын шинэчлэгдсэн шийдвэрийн дагуу 1410 доллараар тооцогдоно. Ингээд тооцоод үзэхээр 10x1365=13650 доллар. 2x1410=2820 доллар. Энэ жишээнд нийт дүн нь 16470 доллар. 2011 оны есдүгээр сарын долоонд батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 270 тоот тогтоолд “Энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардлыг НҮБ-ын ажиллагаанд цэрэг оролцуулсны нөхөн төлбөр болон тусгай мэргэжилтний нэмэгдлийн 70 хувиар тогтоосугай” гэж заасан. Тогтоолыг www.legalinfo.mn хуудаснаас харах боломжтой. Ингээд Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу 70 хувь буюу 11529 доллар нь Баяраад, 30 нь буюу 4941 доллар Зэвсэгт хүчний Хөгжлийн санд шилжинэ. Зэвсэгт хүчний Хөгжлийн санд шилжсэн санхүүжилтийг офицер, ахлагчийн нийгмийн хамгааллыг сайжруулахад зарцуулдаг гэдгийг та бүхэн мэднэ.
Засгийн газрын тогтоолын дагуу үүргээ гүйцэтгээд ирсний дараа Монголбанкны ханшаар тооцож олгодог. 2017 оны есдүгээр сард долларын ханш 2400 төгрөг байсан гэж үзвэл Баяраагийн авах ёстой мөнгөн дүн 27.669.600 төгрөг болж байна. Энд нэг зүйлийг тодотгоход мөнгөн дүн хувь хүний нууцтай холбоотой байдаг учраас зохиомол жишээ авсныг ойлгох хэрэгтэй. Нөгөө талдаа явах, ирэх ээлжинд хоногийн зөрүү гардгийг манайхан мэднэ. Бид зөрүүтэй хоног бүрээр тооцоод БХЯ-нд шилжүүлдэг. ИБНАУ-д явагдаж байгаа энхийг дэмжих ажиллагааны үүрэг гүйцэтгэлийн цалинг ч мөн адил дээрх тооцооллоор бодно. ЗХЖШ-ЫН САНХҮҮГИЙН ХЭЛТЭС
Эх сурвалж: "Соёмбо" сонин, бэлтгэсэн дэслэгч Д.Болормаа