ЦЭРГИЙН АТТАШЕ, ХУРАНДАА ВИКАС ЧОУДХАРИТТАЙ УУЛЗЛАА


8 жил

       ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат БНЭУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны дэргэдэх Монгол Улсыг хариуцсан цэргийн атташе, хурандаа Викас Чоудхаритын албан томилолтын хугацаа дуусгавар болж буйтай холбогдуулан түүнийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд хошууч генерал Р.Сүхбат хэлсэн үгэндээ, “Албан томилолтоо амжилттай гүйцэтгээд эх орондоо буцаж байгаад тань баяр хүргэе. Монгол Улс, БНЭУ-ын хоорондын албан ёсны харилцаа 1973 онд эхэлсэн гэж үздэг. Хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа 2000 оноос өнөөдрийг хүртэл идэвхтэй хөгжиж байна. Хоёр талын хамтарсан сургалт, дадлага болон бусад үйл ажиллагааг жил бүрийн БХЯ хоорондын зөвлөлдөх уулзалтаар төлөвлөж, зохион байгуулдаг болсонд ЗХЖШ-ын удирдлага сэтгэл хангалуун байдаг” гэж онцлов.

Түүнчлэн “Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэхэд БНЭУ-аас тогтмол дэмжлэг үзүүлж байдагт талархал илэрхийлье” хэмээсэн юм. 


Харин хурандаа Викас Чоудхарит “Гурван жилийн хугацаанд цэргийн атташегаар ажиллахдаа Монгол Улс, БНХАУ, БНАСУ-ыг хариуцаж байлаа. Энэ хугацаанд хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар нэлээд анхаарсан төдийгүй зорилгодоо тодорхой хэмжээнд хүрсэн гэж бодож байна. Ялангуяа хоёр талын хамтарсан сургууль, тагнуул, мэдээлэл технологийн чиглэлээр анхаарч ажилласнаа дурдахад таатай байна. Миний дараа томилогдох цэргийн атташе ч эдгээр ажлыг илүү боловсронгуй болгон үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Эх сурвалж: "Соёмбо" сонин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү