Хойд Солонгосын хакерууд Өмнөд Солонгосын тусгай албаны серверээс Пхеньянтай хийх дайны цогц төлөвлөгөөг хулгайлсан гэх мэдээллийг ВВС агентлаг өчигдөр орой цацсан. БНСУ-ын парламентын гишүүн Ли Чоль Хи энэ мэдээллийг анх гаргаж ирэн олон нийтэд мэдээлсэн гэж уг мэдээлэлд дурдсан байна.
Ли Чоль Хигийн хэлснээр, Сөүл нийт 235 гигабайт хэмжээтэй мэдээллийг Хойд Солонгосын тагнуулуудад алдсан бөгөөд түүн дотор Ким Жон Уны амь насанд халдах төлөвлөгөө хүртэл багтаж байгаа гэнэ. БНСУ-ын Батлан хамгаалах яам одоогоор энэ асуудлаар албан ёсны байр суурь илэрхийлээгүй байна.