Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв мэс заслын тасагтай боллоо. Ингэснээр тус дүүргийн 240 мянган иргэнд 1500 орчим төрлийн хагалгааг түргэн шуурхай, олон улсын чанарын стандарт хангасан нөхцөлд хийх бүрэн боломжтой болжээ.
25 ортой тус тасаг нийтдээ 22 эмч, сувилагч, асрагчийн бүрэлдэхүүнтэйгээр, орчин үеийн 30 нэр төрлийн аппарат, багаж, тоног төхөөрөмж дээр ажиллах юм. Мэс заслын тасгийг байгуулахад сүүлийн үеийн дэвшилтэт нойрсуулах аппарат, цус тогтоогч аппарат, вакумжуулж, автоматжуулсан өрөө, тасалгаа, мэс заслын багаж тоног төхөөрөмж гэх мэт нийтдээ 628 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагджээ.