Ерөнхий сайд У.Хүрэлсүх: МУИС-ийг хөгжүүлэхэд Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлнэ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: МУИС-ийг хөгжүүлэхэд Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлнэ


7 жил

Монгол Улсын Их Сургууль үүсэн байгуулагдсаны түүхт 75 жилийн ойн “Эрдэмд түүчээлсэн 75 жил” ёслол, хүндэтгэлийн хуралд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцон эрдэмтэн багш, оюутнуудад баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт эрдэмтэн багш, оюутнууд аа!

Монгол Улсын дээд боловсролын тогтолцоо тулгын чулуугаа тавьж, улс орны маань эрдэм оюуны тусгаар тогтнолын манаа болсон үндэсний сэхээтэн бэлтгэж эхэлсний түүхт ой - МУИС үүсч байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан үе үеийн багш, профессор, эрдэмтэн доктор, ажилтнууд,оюутан залуус Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж төгсөгчийн хувьд амжилт хүсэн мэндчилье.



Баярын хуралд хүрэлцэн ирсэн гадаад, дотоодын хүндэт зочид, төлөөлөгчдөд баяр хүргэе.

1942 онд МУИС-ийн хичээлийн анхны хонх Дэлхийн хоёрдугаар дайны хүнд үед дуугарсан нь монгол хүнд шинжлэх ухааны мэдлэг, боловсрол дэвшилд тэмүүлэх, ирээдүйгээ өөдрөгөөр харах эрхэм хүслийн илэрхийлэл болсон бөгөөд холч ухаантай өвгөдийн маань ухаалаг шийдвэрүүдийн нэг нь Монгол Улс Их сургуультай болсон явдал юм.

ХХ зууны их бүтээн байгуулалт, аж үйлдвэржилтийн жилүүдэд МУИС нийгмийн хөгжлийн манлайд  нь байж, байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны олон мянган дээд боловсролтой үндэсний сэхээтнийг бэлтгэж, шинжлэх ухааны сэтгэлгээг эргэлтгүй суурьшуулан, судалгааны суурь  ажлуудыг туурвин дэлхийд танигдаж, нийгмийн амьдралын салаа мөчир бүрт шинжлэх ухаан, технологийн дэвшлийг бодит ажил хэрэг болгосныг түүхт ойн энэ ёслолын индрээс бахархан тэмдэглэж байна.

Өнөөдөр МУИС 23 мянга гаруй оюутан,1000 орчим багш, судлаач, 500 гаруй ажилтан, ажиллагсадтай болжээ.

МУИС-ийн эрдэмтэн багш нарт улам өндөр төвшний, далайцтай сургалт, судалгаа хийж эх орондоо баялаг бүтээгч байх шинэ зорилтыг дэвшүүлж байна.

Тиймээс МУИС 2016 онд стратеги төлөвлөгөөгөө шинэчлэн  баталсан нь цаг үеэ олсон алхам болжээ.

Монгол Улсын Их хурал 2016 онд боловсролын багц хуулийг баталж түүнийг хэрэгжүүлэх ажил  2017-2018 оны хичээлийн жилд эхлээд байгаа. “Боловсролын талаар төрөөс баримтлах бодлого”-д 2024 он гэхэд  Монгол Улсын дөрвөн их сургуулийг Азийн шилдэг 100 их сургуулийн тоонд багтаах зорилт тавьсан бөгөөд ойрын ирээдүйд МУИС энэ зорилтыг хамгийн түрүүнд биелүүлж чадна гэдэгт Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд итгэл төгс байгаагаа онцлон хэлье.

МУИС 75 жилийн ойгоо Монгол Улсын анхны хиймэл дагуул “Мазаалай”-г сансарт хөөргөсөн амжилтаар угтсанд Та бүхэнд халуун баяр хүргэе.

МУИС-ийн эрдэмтэн багш, оюутнууд Японы Кюүшүгийн Технологийн институттэй хамтран зохион бүтээсэн энэ  хиймэл дагуул монгол хүн сансрын уудамтай шууд харьцан ажиллаж байгаа баталгаа боллоо.

“Мазаалай” хиймэл дагуулыг бүтээх, амжилттай хөөргөхөд Монгол Улсын Засгийн газар идэвхийлэн оролцож хөрөнгө, санхүүгээр дэмжиж ажилласнаа Та бүхэнд дуулгаж байна.



Цаашид ч Монгол Улсын Засгийн газар монголчуудын оюуны түүчээ, эрдмийн ундарга МУИС-ийг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж ажиллах болно.

Их сэтгэгч Инжинааш хэлж, МУИС уриагаа болгосон “Эрдмийн хэт цахиваас хөгжлийн гал бадармой” хэмээх үгээр Та бүхний эрдмийн их үйлсийг мялааж байна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү