УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.10.06) хуралдаан 10 цаг 20 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва хэлэлцэхээр төлөвлөсөн хоёр асуудлыг танилцууллаа.
Үүний дараа УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Монгол Улсын 2018 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Засгийн газраас буцаан татсан. Засгийн газар шинээр байгуулагдаж буйтай холбоотойгоор ирэх оны төсвийн төсөлд өөрчлөлт орно, тоон үзүүлэлтүүд өөрчлөгдөнө. Засгийн газар, Сангийн яамны бодлого хоорондоо уялдаж байх шаардлагын хүрээнд ирэх оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх хүртэл Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэх нь зарчмын хувьд буруу. Иймд УИХ дахь АН-ын бүлэг уг асуудлаар завсарлага авч байна” хэмээн мэдэгдлээ.
Үргэлжлүүлэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг эхлэв. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2017 оны төсвийн тодотголын нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн ч гэлээ Байнгын хорооны хуралдаанаар хоёр дахь хэлэлцүүлгийг хийх асуудлыг хойшлуулах нь зүйтэй. Учир нь, Ерөнхий сайд шинээр томилогдсон, Засгийн газрын шинэ танхим бүрдэнэ. Шинэ кабинет энэ оны төсвийн тодотголоо хянаж үзээд УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй. Ийм учраас төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхийг хойшлуулах горимыг санал гаргаж байна” гэлээ. Ийнхүү УИХ-ын гишүүн Х.Болорчулууны гаргасан горимын саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулав.
Хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувь нь тус горимын саналыг дэмжснээр Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хойшлуулснаар Байнгын хорооны хуралдаан өндөрлөв.