Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл, Монголын Кино Урлагийн Зөвлөл хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарын уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх, дэлхийн сор болсон кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх замаар тус салбарын хөгжлийг дэмжих зорилготой “Улаанбаатар” олон улсын IX кино наадмыг 2017 оны 10-р сарын 10-15-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Энэ удаагийн наадмын хүрээнд Олон улсын кино хөтөлбөр, Монгол кино хөтөлбөр, Америкийн кино өдөрлөг, кино яармаг, мэргэжлийн сургалт гэсэн үндсэн 5 арга хэмжээ болно. Үүнээс гадна Монголын кино уран бүтээлчдийн чадварыг сайжруулах, олон улсын уран бүтээлчидтэй хамтран ажиллах ажиллагааг дээшлүүлэх зорилготой “Улаанбаатар кино форум”-ыг энэ сарын 12-нд Америкийн ЭСЯ, “Culture Distributer” ХХК, “Анкоре” төвтэй хамтран зохион байгуулах юм байна.
Энэ жилийн “Улаанбаатар” олон улсын кино наадмыг нээж найруулагч Д.Золбаярын “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киног толилуулах юм. Албан ёстой нээлт 10 сарын 10-нд Corporate Hotel & convention center-т болох бөгөөд бусад төрөлд шалгарсан Монгол кино бүтээлүүд 10 сарын 12-нд Тэнгис кино театрт олны хүртээл болно.