“БАЛАНС МЭЖИК-2017” амжилттай болж өндөрлөлөө  


8 жил

       Монгол Улсын Зэвсэгт хүчин, АНУ-ын тусгай хүчний хамтарсан “Баланс мэжик-2017” тусгай тактикийн хээрийн сургуулийг наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 29-ний өдрүүдэд “Тусгай хүчний сургалтын төв”, Тэрэлж, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн байрлалд тус тус зохион байгууллаа.
Долоо дахь удаагаа явагдсан энэхүү сургалт, дадлагын үндсэн зорилго нь Монгол Улс, АНУ-ын тусгай хүчний цэргийн алба хаагчдын дадлага, ур чадварыг нэмэгдүүлж, харилцан туршлага солилцох, хоёр улсын цэргийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Хамтарсан сургуулиар манай улсын Зэвсэгт хүчний алба хаагчид АНУ-ын Тусгай томилгоот хүчний сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу байлдааны ажиллагааны арга техникээс тодорхой хэмжээнд суралцаж онол болон дадлагаар мэдлэг, чадвараа ахиулан түүнийгээ хоногийн хээрийн сургууль, хамтарсан шүхрийн дадлага буултаар баталгаажууллаа.

 
Харин АНУ-ын цэргийн алба хаагчид монголын нүүдэлчин амьдралтай салшгүй холбоотой амьд гарах арга ухаан, ердийн хөсөг ачаалах, ачлага уналага хэрэглэх зэрэг олон аргуудыг манай цэргийн алба хаагчдаас суралцаж харилцан туршлага солилцсон сургалт, дадлага боллоо.
Мөн хоёр улсын цэргийн алба хаагчид анх удаа 240 км цагийн хурдтай С-130J хурдан онгоцноос хамтарсан шүхрийн буулт хийж агаарт болон газарт хамтран үүрэг гүйцэтгэх боломжтой гэдгийг тодорхойлсон нь онцлог байв. 


Энэхүү хамтарсан сургалт дадлага нь хоёр орны Зэвсэгт хүчнүүдийн хамтын ажиллагааны хэлбэр болон төлөвшиж, мэргэжил нэгт нөхдийг улам ойртуулан, мэдлэг, туршлагаасаа хуваалцах нөхцлийг бүрдүүлж өгдөгөөрөө онцгой ач холбогдолтой юм.

 

Эх сурвалж: "Соёмбо" сонин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү