Хяналтын цэгийн албан хаагчид сайн үзүүлэлттэй ажиллаж байна


8 жил

    Өвөрхангай аймгийн хяналтын постод ажиллаж байсан Замын цагдаагийн албаны зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бямбацэрэн эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг илрүүлжээ. Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсээс эрэн сурвалжлагдаж байсан Ж-г “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явж байхад нь саатуулан Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт хүлээлгэн өгч ажиллажээ.

Мөн Дундговь аймгийн хяналтын постод үүрэг гүйцэтгэж байсан эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Мягмаррагчаа, эргүүлийн цагдаа цагдаагийн дэд ахлагч Отгонбаатар, замын цагдаа дэд ахлагч Ёндонпэрэнлэй нар бусадтай бүлэглэн ирэн А-н биед хүнд гэмтэл учруулаад зугтсан эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан Ч гэгчийг илрүүлэн баривчилсан байна.

Говьсүмбэр аймаг дахь хяналтын постод 2017 оны 09 сарын 19-ны өдөр үүрэг гүйцэтгэж байсан эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Батхуяг, замын цагдаа зохицуулагч цагдаагийн дэд ахлагч Ням-Очир нар эрэн сурвалжлагдаж байсан тээврийн хэрэгслийг илрүүлэн саатуулжээ. Тэдний илрүүлсэн приус маркын тээврийн хэрэгслийг 2015.10.25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт .... улсын дугаартай, приус маркийн автомашинтай явж байсан хоёр залуу иргэн Д-г зодож биед нь гэмтэл учруулсан эрүүгийн хэрэгт эрэн сурвалжилж байжээ.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 31 дүгээр постод үүрэг гүйцэтгэж байсан эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Мөнхсайхан, мөрдөгч, цагдаагийн дэслэгч Хашбат, замын цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Батчулуун, замын цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Мөнхбат нар зохих зөвшөөрлийн бичиг баримтгүй, гол төмрийн дугаарыг баллаж дарсан, дугаар тодорхойгүй, ТОЗ-8 хийц өөрчилсөн бууг авч явсныг илрүүлсэн байна. 
Налайх дүүргийн хяналтын постод үүрэг гүйцэтгэж байсан мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч А.Насанжаргал, зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Эхбаяр нар иргэн Б нь хууль бусаар бэлтгэсэн 16 шуудай хуш модны самар тээвэрлэж явсныг тогтоож, холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгч ажиллажээ.

Ийнхүү орон нутгийн замд байнгын хяналтын пост ажилласнаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахад үр дүнтэй юм хэмээн ЦЕГ-ийн Шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү