“Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”-ыг хэлэлцэн баталлаа. Энэ хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн Үндсэн чиглэлд тусган, улс, орон нутгийн төсөв, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, хандив, тусламжаар санхүүжүүлэхээр боллоо.
Бодлогод шинжлэх ухаан, технологийн салбар дахь оюуны болон материаллаг нөөцийг бүрэн ашиглах, бүтээлч, цогц үйл ажиллагааг хангах зорилт дэвшүүлсэн байна. Мөн тогтвортой хөгжил, аюулгүй байдлыг хангах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, мэдлэгт суурилсан эдийн засгийн салбаруудыг өргөжүүлэн хөгжүүлэхэд шинжлэх ухааны үүрэг, оролцоог нэмэгдүүлэхийг зорьжээ.
Бодлогыг 2017-2020 он, 2021-2025 он гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. Эхний шатанд энэ салбарын бодлого, хууль эрхзүйн орчин, бүтэц, удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог боловсронгуй болгож, дэд бүтцийг нь сайжруулан, санхүүжилтийг нэмэгдүүлж, шинжлэх ухааны паркийн дэд бүтэц байгуулж эхэлнэ.
Хоёр дахь шатанд Дотоодын нийт бүтээгдэхүүнд шинжлэх ухаан, технологийн салбарын төсвийн санхүүжилтийн эзлэх хувийг зорилтот түвшинд хүргэж, салбарын чадавх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, эдийн засгийн хөгжлийн тулгуур хүчин зүйлсийн нэг болгон хөгжүүлэхээр төлөвлөжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.