Хавдар судлалын үндэсний төв, Хаан банк, МҮОНТР хамтран хавдрын өвчлөлийг эрт илрүүлж, иргэдийн амь насыг аврах зорилгоор жил дараалан явуулж ирсэн "Хавдрын эсрэг үндэсний аян"-ы нээлт өчигдөр Баянхонгор аймагт боллоо.
Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Г.Занданшатар, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар, ХӨСҮТ-ийн нэгдсэн баг, аймгийн удирдлага, иргэд олон нийт, аяныг санхүүжүүлэгч ХААН банкны хамт олон оролцлоо. Хавдрын эсрэг аяныг зохион байгуулагчид хавдрын үзлэг, оношлогоо, сургалтыг үнэ төлбөргүй 3 хоногийн турш Баянхонгор аймагт явуулах юм.
Энэ зууны хар тахал гэгдэх хавдрын өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгнө. Аяныг өрнүүлж буй 7 жилийн хугацаанд 60.000 км явж, 100.000 иргэнд хавдрын үзлэг оношлогоо сургалтыг үнэгүй хийсэн байна.