Манай улсад албан томилолтоор ажилласан ОУПХ-ны төлөөлөгчид мэдээлэл хийлээ

Манай улсад албан томилолтоор ажилласан ОУПХ-ны төлөөлөгчид мэдээлэл хийлээ


7 жил

Афганистан Улсын парламентын гишүүн, Олон улсын парламентын холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны ерөнхийлөгч, хатагтай Фавзиа Күүфи Монгол Улсад албан томилолтоор ажилласан талаараа өчигдөр хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өглөө.

Хатагтай Фавзиа Күүфи мэдээллийнхээ эхэнд ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны талаар товч мэдээлэл өгсөн юм. Уг хорооны зорилго эрх нь зөрчигдсөн парламентын гишүүн, эсвэл гишүүн байх үед эрх нь зөрчигдсөн иргэн, улс төрийн нам, Хүний эрхийн үндэсний хороо болон олон улсын байгууллагуудаас ирсэн гомдол, саналыг хүлээн авч тухайн улсын холбогдох албаныхантай уулзаж мэдээлэл, баримтуудыг тодруулж, шалгахад оршдог аж.

Хатагтай Фавзиа Күүфи хэлэхдээ, “Бидний энэ удаагийн албан томилолтын зорилго С.Зориг агсны хэргийн талаарх үнэнийг тодруулахад оршиж байлаа. Бид С.Зориг агсны хэрэгтэй холбоотой асуудлаар албаны болон бусад хүмүүстэй уулзсан. Харамсалтай нь хэрэгт яллагдсан хүмүүстэй уулзаж чадсангүй. ОУПХ-нд энэ хэрэг 2000 онд албан ёсоор ирсэн байдаг. Энэхүү хэрэгтэй холбогдуулж Парламентчдын хүний эрхийн хороо 50 удаа шийдвэр гаргасан бөгөөд Монгол Улсад гурван удаа ирж ажиллаад байна.

Олон улсын хууль тогтоомж, гэрээ, конвенцийн хүрээнд бид Засгийн газар, хууль тогтоох байгууллагуудад туслаж, дэмжлэг үзүүлэхийг зорьдог. С.Зориг агсны хэрэг Монгол Улсын хувьд нууцын зэрэглэлтэй тул тодорхой нарийн мэдээлэл авах боломж хомс байдаг. Гэсэн ч Парламентчдын хүний эрхийн хороо хэргийг анхааралдаа байнга байлгах болно.

Монгол Улсын Их Хурал, Засгийн газар энэхүү хэргийг үнэн зөв, шуурхай шийдвэрлэхэд тодорхой арга хэмжээ авч, нууцын зэрэглэлээс гаргана гэдэгт найдаж байна. Мөн Монгол Улсад албан томилолтоор ажилласан ОУПХ-ны төлөөлөгчдийн тайланг өөрийн албан ёсны цахим хуудастаа байрлуулж, ОУПХ-ны Удирдах зөвлөлөөр хэлэлцэх болно” гэлээ.

ОУПХ-ны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Бахрейн Улсын парламентын гишүүн, хуульч, ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны гишүүн, ноён Али Аларади, ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хөтөлбөрийн ажилтан, хатагтай Гаелл Ларок нар багтсан байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү