Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Товч мэдээ
- Төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журам, Төрийн болон албаны нууцын хяналт шалгалт зохион байгуулах журам, Төрийн болон албаны нууцын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан байгуулж ашиглах журам, Нууц хамгаалах ажилтанд цалингийн нэмэгдэл олгох журам, Төрийн болон албаны нууцыг хамгаалахад туслалцаа, дэмжлэг үзүүлсэн иргэн, хуулийн этгээдийг урамшуулах журмыг хавсралтаар баталлаа.
- Говьсүмбэр аймгийн төвийн халаалтын уурын зуухны Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татварт шаардагдах 170 сая төгрөгийг төсвийн тодотголд тусгахаар боллоо. Тодотгол хийх хүртэл дээрх хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгчид зөвшөөрөв.
- Агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд шугам сүлжээ, дэд станцын өргөтгөл, шинэчлэл, аймгийн төвийн дулааны станцын засварт шаардагдах хөрөнгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр төсвийн тодотголд тусгахаар болов.
- 2017 онд худалдан авах ажиллагаа явуулахдаа дотоодын аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчдээ давуу эрх тооцон шалгаруулсныг сайшааж, цаашид энэ жишгээр ажиллахыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав.
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.