Оффшор данстнуудын мөнгөн хөрөнгөө оруулж ирэх ажлын явцын талаар АТГ-ын даргатай уулзав

Оффшор данстнуудын мөнгөн хөрөнгөө оруулж ирэх ажлын явцын талаар АТГ-ын даргатай уулзав


7 жил

ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас нийт 42 улсыг “оффшор бүс” хэмээн тооцож, эдгээр бүс дэх банкуудад Монгол Улсын 49 иргэн данстай байгаа талаар Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум мэдээлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалсан билээ. Түүнээс хойш өчигдөр 49 хоногийн хугацаа өнгөрсөн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уриалсан хугацаа дууссантай  холбогдуулан уг уриалгын биелэлт, ажлын явц байдалтай танилцахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалыг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Монгол Улсын Эрүүгийн хууль, Татварын хууль, бусад хуулиар аливаа компанийн хөрөнгө, мөнгө бүртгэлтэй, татвар төлөгдсөн байх ёстой. Энэ бүгд ил байх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан уриалгын 49 хоногийн хугацаа өчигдөр дууссан” гээд энэ хугацаанд ямар ажил хийж, ямар үр дүнд хүрээд байгаа талаар тодруулахыг хүсч буйгаа хэлэв.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалын хэлснээр өнгөрсөн хугацаанд нэр бүхий 23 хүнийг гурав гурван удаа дуудан уулзсан бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсад сайн дураар оруулж ирсэн хөрөнгө мөнгө байхгүй гэлээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газар оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсааалтыг албан ёсоор зарласнаас 3 сарын дотор оффшор бүс дэх дансаа хаалгах, мөнгөн хөрөнгөө татах, өмчийн эрхээ худалдах, шилжүүлэх, татах, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, захиран зарцуулэх эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох арга хэмжээ авах учиртай. Ингээд өмчийн байдалд орсон өөрчлөлт, орлогын талаар 30 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт шинэчлэн мэдүүлэх үүрэгтэй болжээ.

Гэвч Засгийн газраас албан ёсоор тогтоол гаргаж баталгаажуулаагүй байгаагаас болж  аль улс орон, түүний нутаг дэвсгэрийг оффшор бүсэд хамааруулах тухай нэгдсэн ойлголтгүй хэвээр байгаа аж. Өөрөөр хэлбэл, аль улс нь оффшор бүс, аль нь оффшор бүс биш гэдгээ ялгаж чадалгүй өнөөдрийг хүрчээ.

Өнөөдрийн байдлаар оффшор бүсэд ийм ийм орон багтана гэсэн тогтоол гарч баталгаажих юм бол 3 сар, 30 хоног гэсэн ойлголтоо хөөн тооцоолоход 2018 оны нэгдүгээр сарын 10-дын орчимд оффшорт данстай хүмүүс хөрөнгөө хэрхэн зохицуулснаа Авлигатай тэмцэх газарт шинэчлэн мэдүүлэх боломжтой болох юм байна.

Ажлын явц байдлын талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид нууцын зэрэглэлтэй мэдээлэл өгснөө мөн танилцууллаа.

Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалын цааш  ярьснаар Олон улсын Мөнгө угаахтай тэмцэх байгууллагатай Монгол Улс хамтран ажиллаж, гишүүн нь болсон. Тэдний хүсэлтээр Эрүүгийн хуульд нэмэлт оруулжээ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр оффшор бүсэд банкны данс эзэмших, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хуулийн этгээд байгуулахтай холбогдсон хориглолтын нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

Уг хуульд оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийг олон улсын эдийн засаг, банк, санхүүгийн байгууллагаас гаргасан жагсаалтыг харгалзан Монголбанк, санхүүгийн асудал эрхэлсэн төрийн төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж хуульчилжээ.

Ингээд 8 дугаар сарын 31-ний өдөр Засгийн газрын хуралдаанаар оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсааалтыг баталсан. Харамсалтай нь өнөөдрийн байдлаар Засгийн газраас албан ёсоор тогтоол гаргаж баталгаажуулаагүй байгаагаас болж  аль улс орон, түүний нутаг дэвсгэрийг оффшор бүсэд хамааруулах тухай нэгдсэн ойлголтгүй хэвээр байгаа аж.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар оффшор бүсэд данс нээлгэсэн, мөнгө хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд байгуулсан этгээд 3 сарын дотор дансаа хаалгах, мөнгөн хөрөнгөө татах, өмчийн эрхээ худалдах, шилжүүлэх, татах, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, захиран зарцуулэх эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох арга хэмжээ авах юм. Үүний дараа өмчийн байдалд орсон өөрчлөлт, орлогын талаар 30 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт шинэчлэн мэдүүлэх үүрэг хүлээхээр болжээ.

Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү