Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнөөр уламжлал ёсоор Улаанбаатар хотын өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар холбогдох албан тушаалтнууд мэдэгдэж, хэлэлцэв.
Нийслэлийн цагдаагийн газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэболдын мэдээлснээр 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 4286 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 517 нэгж буюу 13.7 хувиар, гэмт хэргийн шинжтэй 2064 үйлдэл бүртгэгдсэн нь 219 нэгж буюу 11.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Үйлдэгдсэн гэмт хэргийг дүүргээр нь авч үзвэл Баянзүрх дүүрэгт хамгийн их буюу 721 гэмт хэрэг бүртгэгджээ.
Залилан болон хүний эрүүл мэндэд хохирол учруулах төрлийн гэмт хэрэг буурсан бол хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 28.6 хувь, хулгайлах гэмт хэрэг 15.8 хувь, дээрэмдэх гэмт хэрэг 19.7 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа нь хөдөө, орон нутгаас иргэд олноор нийслэл хотод ирсэнтэй холбоотойгоор гэмт хэргийн нөхцөл байдал хүндрэх хандлагатай байна гэж Нийслэлийн цагдаагийн газраас танилцууллаа.