Нийслэлийн Тээврийн газар, “Улаанбаатар Смарт карт” ХХК хамтран "Нийтийн тээврийн үйлчилгээний шугамын орлогоо хамгийн их өсгөсөн жолоочийг шалгаруулах нэг сарын аяныг зарласан билээ. Тэгвэл энэ сарын 6-ны өдөр шилдэг жолооч нарт шагнал гардуулах үйл ажиллагаа “Улаанбаатар Смарт карт” ХХК-ийн хурлын танхимд боллоо. Шагнал гардуулах үйл ажиллагаанд “Улаанбаатар Смарт карт” ХХК-ийн ерөнхий захирал Юүн Жун И, үйл ажиллагаа хариуцсан газрын дарга Р.Ган-Эрдэнэ, үйл ажиллагааны хэлтсийн дарга Ц.Түвшинжаргал болон бусад албаныхан оролцов.
Нэгдүгээр байранд “Эрдэм транс” ХХК-ийн Ч:64 чиглэлийн 13-037 дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Ерөөлтдэлгэр, С.Хуягаа нар шалгарсан бол хоёрдугаар байранд “Зорчигч Тээврийн Нэгтгэл" ОНӨААТҮГ-ын 2 дугаар баазын 02-024 дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Нэргүй, Ц.Бямбаням, гуравдугаар байранд "Зорчигч Тээврийн Нэгтгэл" ОНӨААТҮГ-ын 1 дүгээр баазын 01-012 дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ү.Жавхлантөгс, П.Баатарсүрэн нар шалгарсан байна.
Шилдэг жолооч нарыг шалгаруулахдаа нийслэлийн Тээврийн газраас тогтоосон чиглэлийн орлогын доод хязгаарыг давуулан биелүүлсэн болон тухайн сард цагийн хуваарь, графикийн дагуу иргэдэд үйлчилж, ямар нэгэн осол, зөрчилгүй ажилласан зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан үзжээ. Дашрамд дурдахад тус аяныг цаашид үргэлжлүүлэн 9,10 дугаар сард дахин зохион байгуулахаар төлөвлөсөн гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.