АШУҮИС, Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль нь Япон улсын Токио Ариаке Их Сургуультай Монгол, Япон 2 улсын их сургууль хоорондын хамтран ажиллах гэрээг байгуулан 2016 оноос МАУОУС-ийн “Уламжлалт анагаахын засалч” ангийг нээсэн. Энэхүү анги нь Монголын уламжлалт анагаах ухаан болон Японы уламжлалт анагаах ухаан болох Жүдо бариа заслыг суралцаж Монгол улс дахь гэмтэл, гэмтлээс гаралтаас эмгэгийг анагаах, эмнэлгийн тусламж үзүүлэх мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрөөр сургалтаа явуулж байна.
Энэ шинэ мэргэжлийн чиглэлээр мэргэжлийн хичээлүүдийг Токио Ариаке Их Сургуулийн багш, профессорууд Японоос ирж зааж байна. Энэ удаа Япон-Монгол оюутнуудын дунд эрдэм шинжилгээний II симпозиумыг зохион байгуулах, Монгол улсын эмнэлгийн тусламж үйлчилгээ салбарын мэргэжилтнүүдэд тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Агаарын бохирдлоос амьсгалын эрхтнийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэлт болон японы уламжлалт жүдо бариа заслын эрэлт хэрэгцээ” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Уг арга хэмжээнд Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат оролцож, хэлсэн үгэндээ Монголын уламжлалт анагаах ухааныг орчин үеийн шинжлэх ухааны ололтоор баяжуулан хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчин эмгэгийг анагаан эдгэрүүлэх, алдагдсан чадварыг нөхөн сэргээхэд ач холбогдолтойг онцлоод сургалтанд оролцогчидод амжилт хүсч, богино хугацаанд их зүйл сурахыг хүслээ.
Сургалтад АШУҮИС, МАУОУС-ийн оюутнууд, Сакура дунд сургуулийн сурагчид, Улаанбаатар хотын өрхийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд оролцлоо. Токио Ариаке их сургуулийн захирал И.Хонма нь амьсгалын замын эрхтэн, физиологийн салбарт анхдагч нэр хүндтэй профессор бөгөөд Япон улсад лекц, сургалт тогтмол хийдэг. Цаашлаад амьсгалын замын эрхтний үйл ажиллагааг сайжруулан идэвхжүүлдэг, уушгины эмгэгээс урьдчилан сэргийлэх үйлдэлтэй амьсгалын дасгалыг өөрөө зохиосон бөгөөд сургуулийн насны хүүхэд, сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд энэхүү дасгалыг хийснээр тайвширч, төвлөрөх чадамж дээшилдэг судалгаа байдаг байна.