УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр /2017.09.06/ 10.00 цагт эхлүүлэхээр товлосон. Харин 11 цагийн байдлаар гишүүдийн ирц бүрдээгүй учраас эхлээгүй байна. Засгийн газрыг огцруулахаар МАН-ын 30 гишүүн гарын үсэг зурж, УИХ-д өргөн барьсан. УИХ-ын дэгийн дагуу Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барьснаас хойш долоо хоногийн дотор Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэх ёстой.
Үүний дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн. Мөн УИХ-ын дэгийн дагуу байнгын хорооны шийдвэрийг долоо хоногийн дотор УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх ёстой. Тиймээс УИХ-ын чуулган өнөөдөр хуралдаж, Засгийн газар огцрох эсэх асуудлыг хэлэлцэх юм.
МАН-ын 30 гишүүн Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барьснаас хойш МАН-ын бүлэг нэгдсэн байр сууринд хүрч чадахгүй өдийг хүрэв. Өнгөрсөн хугацаанд МАН-ын бүлэг нэг удаа хоёр өдөр дараалан хуралдсан боловч нэгдсэн шийдэлд хүрээгүй байгаа. Мөн МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн даваа гаригт Төрийн ордонд хуралдаж, Засгийн газрыг тогтвортой байлгах, бүлгийн гишүүд нэгдсэн байр суурьтай байх тогтоол гаргаж, МАН-ын бүлгээр хэлэлцүүлэх байсан ч ирц хүрэхгүй байсаар 65 суудалтай эрх баригчид нэг талдаа гарч амжаагүй юм.
Хэдийгээр Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барьсан гишүүдтэй намын удирдлагуудын зүгээс ил, далд тохиролцохыг санал болгосон ч МАН-ын бүлэг нэгдмэл байр суурьтай болж чадахгүй байсаар асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр болов. Тиймээс өнөөдрийн чуулганы хуралдаанаар Засгийн газар огцорч магадгүй нь гэсэн таамаг олон нийтийн сүлжээнд өрнөж эхлэв. Ерөнхий сайд огцрох өргөдлөө өгсөн гэсэн ташаа мэдээлэл олон нийтийн дунд өрнөсөн юм.
Мөн Засгийн газрыг огцруулах бичигт Ч.Улаан, Сү.Батболд нар гарын үсэг зурснаар 33 болсон гэсэн албан бус мэдээллийг УИХ-ын гишүүд хэлж буй. Хэрэв Засгийн газрыг огцруулах, хариуцлага тооцох асуудлыг МАН-ын 33 гишүүн, АН-ын бүлгийн есөн гишүүн дэмжвэл Засгийн газар шууд огцорно. Ардчилсан намын зүгээс Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Ямартай ч өнөөдөр чуулганы хуралдаанаар Засгийн газрыг огцруулахыг дэмжээгүй гэх саналын томьёоллоор санал хураалт явуулна.