Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бригадын генерал Г.Ариунбуян өнөөдөр Японы Олон Улсын Хамтын ажиллагааны агентлаг /ЖАЙКА/-ийн “Монгол Улсын Улаанбаатар хотын бага, дунд ерөнхий боловсролын сургуулийн барилга байгууламжийг сайжруулах” төслийн бэлтгэлийн судалгааны багийн зочид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
ЖАЙКА-гийн төслийн баг Улаанбаатар хотын бага, дунд ерөнхий боловсролын сургуулийн барилга, байгууламжийг сайжруулах төслийн хүрээнд 2016 оны 11 дүгээр сараас эхлэн судалгааны ажлыг эхлүүлсэн байна.
Улмаар 2017 оны 11 дүгээр сард Япон Улсын сайд нарын зөвлөлөөс зөвшөөрөл олгосноор төслийг албан ёсоор хэрэгжүүлж эхлэх бөгөөд төслийн үйл ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотод дөрвөн дунд сургуулийг байгуулах юм байна.
Хоёр сургуулийн барилгыг шинээр барьж, 75-р сургуулийн биеийн тамирын заал болон Чингэлтэй дүүргийн 7-р хороонд дунд сургуулийн барилгыг хүчитгэх зорилготойг уулзалтын үеэр танилцуулав.
Сургуулийн барилгын ажлын явцад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан, байгалийн гамшгийн үед хоргодох байр болгон ашиглах, шаардлагатай нөөц барааг хадгалах агуулахыг мөн хамт барих боломжийг судлан ажиллаж байгааг дурдсан юм.
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян дээрхи төслийн судалгааны багийнхантай хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийлэн, шаардлагатай тусламж үзүүлж, дэмжин ажиллахаа илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.