Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга анхны албан ёсны гадаад айлчлалаа ОХУ-аас эхлүүлж байна. Тэрээр энэ сарын 6, 7-ны өдөр ОХУ-ын Алс Дорнодын Владивосток хотноо гурав дахь жилдээ болж байгаа Дорнын Эдийн засгийн форумд оролцох юм. Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзалт хэлэлцээ хийж, хоёр улсын эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, тэр дундаа төмөр замын хамтын ажиллагаа, гааль, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын талаар хөндөж ярилцана.
Энэ нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Монгол Улсын төрийн тэргүүн Х.Баттулга нарын 2 дахь удаагийн уулзалт болох юм. Өмнө нь Будапештэд болсон Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзсан. Энэ үеэр Ерөнхийлөгч В.Путин Владивостокийн Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр 2 орны харилцаа, хамтын ажиллагааны талаа илүү нухацтай ярилцах боломж олдоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж байсан.
Мөн Худалдаа, эдийн засгийн харилцаа эерэг хандлагатай болоод байгааг онцлоод өнгөрсөн жил хоёр талын худалдааны эргэлт 20 хувиар буурсан ч энэ оны эхний хагас жилд 34 хувиар өссөн нь үүний жишээ гэдгийг тэмдэглэн хэлж байсан юм. Мөн улс төрийн харилцаанд төдийгүй эдийн засаг, соёлын салбарт ч дорвитой ажлууд өрнөж байгааг тэмдэглэж Монгол-Оросын уламжлалт хувь нийлүүлсэн компаниуд тууштай ажиллаж байгааг, ачаа тээвэрлэлтийн хэмжээ өсөлттэй байгааг онцолсон.
Түүнчлэн Ерөнхийлөгч Путины тэмдэглэн хэлснээр Владивосток хотноо болох 2 ерөнхийлөгчийн уулзалтаар хамтын ажиллагааны нарийн асуудлыг хэлэлцэх юм байна. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга Японы Ерөнхий сайд Шинзо Абе, БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин нартай уулзана. Форумын үеэр Монгол-ОХУ-ын бизнес форум болох юм байна.