Хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр Хэрлэн суманд 9 дүгээр цэцэрлэг шинээр үүдээ нээж хүүхэд, багачуудаа угтан авлаа. Тус цэцэрлэг нь 250 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд 10 бүлэг 37 багш, ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхэллээ.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга А.Нансалмаа, Хэрлэн сумын 9-р багийн Засаг дарга Д.Энхтуяа болон цэцэрлэгийн зөвлөл, эцэг эхчүүд, хүүхдүүд оролцлоо.
Аймгийн Засаг дарга нээлтийн үеэр хэлсэн үгэндээ: Орон нутгийн зүгээс хүүхэд бүрийг сургуулийн өмнөх боловсролд хамруулахаар шат дараалсан ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа. Эрүүл мэндийн газар, Өрхийн эмнэлгийн төв байрлаж байсан барилгыг анхны зориулалтын дагуу ажиллуулахаар болж, их засвар хийн, өнөөдөр хүүхдүүдээ хүлээн авч байгаад баяртай байгааг онцлов.
Ажиллах боловсон хүчний тухайд 80 гаруй хувь нь шинээр ажлын байртай болсныг тус цэцэрлэгийн эрхлэгч Г.Дэлгэрмаа хэллээ.
Хэрлэн сумын хүн амын багагүй хувь нь оршин суудаг 9 дүгээр багт тус цэцэрлэг ашиглалтад орсноор ойролцоох цэцэрлэгүүдийн ачаалал багасаж, багийн иргэдэд тулгамдсан томоохон асуудлыг шийдвэрлэсэн чухал ажил болсонд эцэг эхчүүд талархснаа илэрхийлэв.
Тус Цэцэрлэгийн барилга нь анх 1970 онд Хүүхдийн ясли, цэцэрлэгийн зориулалтаар баригдсан бөгөөд 1990 оноос саяхныг хүртэл аймгийн Эрүүл мэндийн газрын албан контор, Өрхийн эрүүл мэндийн төв ажиллаж байсан юм.
Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд орон нутгийн зүгээс барилгыг анхны зориулалтаар ашиглах тухай аймгийн ИТХ-ын шийдвэр гаргуулан, их засвар хийх хөрөнгийг аймгийн төсөвт тусган батлуулснаар өнөөдөр ийнхүү цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулахад бэлэн болжээ. Барилгын засварын ажлыг “Талын сүлд” ХХК хийж, гүйцэтгэсэн байна гэж Дорнод аймгийн ЗДТГ-ын Олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.