УИХ-ын дарга М.Энхболд хичээлийн шинэ жилийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

УИХ-ын дарга М.Энхболд хичээлийн шинэ жилийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ


7 жил

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд 2017-2018 оны хичээлийн шинэ шинэ эхэлж байгааг тохиолдуулан оюутан сурагч, багш, сурган хүмүүжүүлэгч, боловсролын салбарын нийт ажилтан, ажиллагсдад мэндчилгээ дэвшүүллээ.


Эрдмийн өргөөний гэрэлт хаалгыг татан орж буй оюутан,  сурагчид аа,

Ирээдүй хойч үедээ эрдэм өвлүүлэх эрхэм үйлсийн эзэн багш, сурган хүмүүжүүлэгч, боловсролын салбарын нийт ажилтан, ажиллагсад аа,

Хүндэт эцэг эхчүүд ээ,

Та бүхэндээ 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж, амжилт ерөөе.

Монгол айл өрх бүрийн сайн сайхан, амар түвшин амьдрал, улс үндэсний хөгжил дэвшлийг эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, өрсөлдөх чадвартай бүтээлч монгол хүн бий болгоно. Түүнд хүрэх зам нь боловсрол билээ. Боловсролоор дамжуулан бүтээлч, хариуцлагатай, ёс зүйтэй, мэдлэг чадвартай иргэнийг хөгжүүлэх нь суралцагч, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, нийгмийн гишүүн Та бидний хамтын нэгдмэл үүрэг зорилт юм.

2017-2018 оны хичээлийн жилд улс даяар 798 сургуульд 578.9 мянган сурагч суралцана. Тэдгээрээс 252.7 мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж, 73.5 мянган хүүхэд 1-р ангид элсэхээр бүртгэгдээд байна. Түүнчлэн улсын хэмжээнд 96 их, дээд сургуульд 150 мянгаад оюутан суралцах юм.

Шинэ хичээлийн жилд 1250 ортой 14 цэцэрлэг үүдээ нээж, ерөнхий боловсролын 21 сургуулийн барилга шинээр ашиглалтад орж байна.

Монгол Улс нийт төсвийнхөө 17.3 хувь буюу таван төгрөг тутмын нэг төгрөг болох 1.1 их наяд төгрөгийг боловсролын салбарт зарцуулж байгаа. Цаашид суралцах орчин, сургалтын агуулга, үнэлгээний тогтолцоо, багш, сурган хүмүүжүүлэгчдийн хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн баталгаа зэрэг өргөн хүрээг хамарсан боловсролын хөгжлийн бодлого, зохицуулалтыг улам боловсронгуй болгох, мэргэжлийн институцуудын чадавхийг бэхжүүлэх цогц бодлогыг бодлого шийдвэр, төсөв, санхүү, хууль эрх зүйн хүрээнд тасралтгүй дэмжин ажиллах нь Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын нэн чухал үүрэг байх болно.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт цалин, тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлэх зорилт тусгагдсаны дагуу эдийн засгийн өсөлттэй уялдуулан багш, сурган хүмүүжүүлэгчдийн цалин хөлсийг нэмэх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа энэ дашрамд илэрхийлье.

Оюутан, сурагчид аа!

Та бүхний сурах эрмэлзэл, хариуцлагаа ухамсарласан зорилго хосолж байж амжилтад хүрнэ. Аливаа улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялгаас илүү хүмүүжсэн хүн байдаг нь улс орнуудын түүхэн туршлагаар нотлогддог. Тиймээс эрдэм төгс, хөдөлмөрч, хүнлэг иргэн болох нь Эрхэм дүү Та нарын эн тэргүүний зорилго байх ёстой юм. Зорилгодоо хүрэхийн тулд хичээн суралцагтун!

Эрхэм багш, сурган хүмүүжүүлэгчид ээ!

Өөрийн эрдэм, оюуны их нөөцөө шавь нартаа харамгүй түгээж, ирээдүйн үнэ цэнэ бүхий хөгжлийн суурийг уйгагүй хөдөлмөр, зүтгэлээрээ үеийн үед цогцлоож ирсэн Та бүхнийг Монголын төр ямагт өндрөөр үнэлэн, хүндэлдэг билээ.

Монголын залуу үе боловсрол мэдлэг, өрсөлдөх чадвараа эх орондоо төдийгүй хилийн чинадад нотлон “Дэлхийн Монгол Иргэн” болох цаг үе ирж буйд баяртай байна.

Сайн шавь төрүүлэх нь улс үндэстэндээ Та бүгдийн оруулж буй үнэлж баршгүй том хувь нэмэр, юутай ч харьцуулшгүй чухал хөрөнгө оруулалт гэдгийг санаж, хичээн ажиллагтун!

Та бүхэндээ хамгийн сайн сайхныг хүсье.

Эрдэм ухаан түгэн дэлгэрч, эх орон маань хөгжин дэгжих болтугай!

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА            МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

2017 оны есдүгээр сарын 1

Улаанбаатар хот.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү