АНУ-ын Аюулгүй байдлын хамтын ажиллагааны газрын Агентлаг хоорондын хамтарсан хүчний ажиллагааны багийн төлөөлөгчид болон АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл хамтран ажиллах, мэдээлэл солилцох зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын нэгдсэн төвд зочиллоо.
Зочид төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд АНУ-ын Хууль Зүйн Яамны Хар тамхитай Тэмцэх газраас Хар Тамхитай Тэмцэх Нэгдсэн Ажлын Хэсэг /ХТТНАХ/ дэх төлөөлөгч Майкл Картер, ХТТНАХ-ын Хамтын ажиллагааны газрын дарга Жонатан Гуарко, ХТТНАХ-ын Зүүн хойд Ази дахь төлөөлөгч Филип Гарднер болон АНУ-ын ЭСЯ-ны Бүс нутгийн аюулгүй байдлын албаны ажилтан Жереми Уайнштайн, АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалах хамтын ажиллагааны хэлтсийн менежер Б.Нандинчимэг нар байсан юм.
Тэднийг ЦЕГ-ын Сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр, Сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Одмандах нар хүлээн авч уулзан, төвийнхөө үйл ажиллагааг танилцуулж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо. Төлөөлөгчид Сургалтын нэгдсэн төвийн Албаны нохой сургалтын хэлтсийн үйл ажиллагааг олон улсын стандарт нийцсэн байгааг онцолж, мөрч нохдын хар тамхи, тэсэрч дэлбэрэх бодисыг илрүүлэх үзүүлбэрийг сонирхон хүлээж авсан юм.
Уулзалтын үеэр Монгол Улсад хар тамхи, мансууруулах бодис, тэсэрч дэлбэрэх бодисыг ашиглах гэмт хэргийг илрүүлэхэд албаны нохойг сургах, Монголын цагдаагийн байгууллагын албаны нохой, нохойн сургагчийн чадварыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцлаа.
Хар Тамхитай Тэмцэх Нэгдсэн Ажлын Хэсэг нь Номхон далайн дахь АНУ-ын Цэргийн Командлалын харьяа байгууллага бөгөөд АНУ-ын Батлан Хамгаалах Яамны хар тамхитай тэмцэх болон түүнтэй холбоотой асуудал эрхэлсэн хууль сахиулах чиглэлийн гүйцэтгэх агентлаг юм. АНУ-ын Элчин сайдын яамаар дамжуулж гадаад улс орнуудын хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллаж Ази Номхон далайн бүс нутагт үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэхэд цэргийн болон хууль сахиулах чадавхийг нэгтгэн ажилладаг байна.