Монгол Улс, АНУ, Япон Улсын ГХЯ-д хоорондын гурван талт уулзалт боллоо

Монгол Улс, АНУ, Япон Улсын ГХЯ-д хоорондын гурван талт уулзалт боллоо


7 жил

Монгол, АНУ, Япон Улсын гурван талт ээлжит уулзалт 8 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай болж өнгөрлөө. Энэхүү уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, америкийн талаас Төрийн Департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн Туслах Төрийн нарийн бичгийн даргын Тэргүүн орлогч Л.Стоун, японы талаас Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын Ерөнхий захирал К.Канасүги нар тэргүүлж оролцов. Гурван талт уулзалтыг монголын тал даргалж явуулав.

Уулзалтаар гурван улсын нийтлэг эрх ашигт нийцүүлэн энэхүү механизмыг эдийн засаг, хөрөнгө оруулалт, аюулгүй байдал, батлан хамгаалахын чиглэлээр бэхжүүлж, үйл ажиллагаагаа гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, харилцан санал солилцов. Монголын талаас 2015 онд болсон гурван талт уулзалтаас хойш эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчинд гарч буй өөрчлөлтүүд, гадаад харилцааны өнөөгийн байдал болон эдийн засгийн хамтын ажиллагаа, Ази, Номхон далай, Зүүн хойд Азийн бүс нутагт хэрэгжүүлж буй Монгол Улсын бодлого, тухайлбал Улаанбаатарын яриа хэлэлцээ болон олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй бодлогыг оролцогч талуудад танилцуулав. Түүнчлэн бүс нутгийн аюулгүй байдал, энхийг сахиулах үйл ажиллагааны чиглэлээр талууд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Улаанбаатарт анх удаа болж байгаа энэхүү уулзалт нь манай гуравдагч хөрш болох АНУ болон Япон Улстай улс төр, эдийн засаг, батлан хамгаалах салбарын харилцааны асуудлаар санал солилцож, байр сууриа нэгтгэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн интеграцид оролцох, нэгдмэл сонирхол бүхий асуудлаар олон улс, бүс нутгийн түвшинд хамтран ажиллах зэрэг харилцаа, хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх чухал ач холбогдолтой юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү