Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ХБНГУ-ын Фридрих Эбертийн Сангийн хамтын ажиллагааны хүрээнд 2014 оноос хойш “Хөдөлмөрлөх эрх” сэдэвт сургалтыг бүсчлэн зохион байгуулж ирсэн уламжлалтай билээ.
Энэ удаагийн сургалтыг Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 2017 оны 8 дугаар сарын 25-26-ны өдөр Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгуудын үйлдвэрчний эвлэлийн холбоодын идэвхтэн сонгуультнууд, ХЭҮК-ын орон нутаг дахь ажилтнууд, Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналт болон нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч зэрэг нийт 60 оролцогчтой зохион байгууллаа.
Уг сургалтын сургагч багшаар ХЭҮК-ын ахлах референт З.Өнөржаргал ажиллаж "Хүний эрхэд суурилсан хандлага”, “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлд тусгагдсан төрийн албан хаагчид болон худалдаа үйлчилгээ, ноос ноолуурын салбарын жижиг, дунд үйлдвэрт ажиллагсдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд хийсэн судалгаа, шинжилгээний ажлын танилцуулга”, "Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын гишүүн, идэвхтэн, сонгуультан хүний эрхийг хамгаалагч болох нь” зэрэг сэдвээр хичээл заав. Мөн Баян-Өлгий аймаг дахь ХЭҮК-ын ахлах мэргэжилтэн Л.Уранчимэг, Увс аймаг дахь ХЭҮК-ын шинжээч Я.Хонгорзул, Завхан аймаг дахь ХЭҮК-ын ахлах мэргэжилтэн Ч.Наранхүү нар хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр хийж буй сургалт, сурталчилгааны үйл ажиллагаа, өргөдөл, гомдол хууль зүйн зөвлөгөөний талаар танилцуулга, мэдээлэл хийв.
Сургалтын үр дүнд аймаг орон нутгийн хэмжээнд хөдөлмөрлөх эрхийг хангаж хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр дээрх байгууллагуудын хамтын ажиллагаа, туршлага, орон нутгийн хэмжээнд хөдөлмөрлөх эрхийн асуудлаар тулгамдаж буй асуудлын талаар санал солилцон, тухайн орон нутаг, салбарт хүний эрх, хөдөлмөрлөх эрх, эвлэлдэн нэгдэх эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр дээрх байгууллагуудын үр дүнтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Оролцогчид 2015 оны бүсийн сургалтын үр дүнд гарсан зөвлөмжийн дагуу аймаг орон нутагт дээрх байгууллагууд хамтран ажиллах үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлж, хөдөлмөрлөх эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсрууллаа.