БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын удирдлагын зүгээс хил хооронд зорчигч суудлын болон ачаа тээврийн автомашинуудад хийж буй үзлэг шалгалтыг сайжруулах, БНХАУ-ын замын хөдөлгөөний дүрэм, хууль тогтоомжийг сахиулах, техникийн доголдолтой, өнгө үзэмжгүй автомашиныг хил хооронд явуулахгүй байх талаар БНХАУ-ын Эрээн хотын АЗО-ны Гадаад хэрэг эрхлэх хэлтсийн дарга Нарсу манай улсын дэд консул Г.Төмөрбаатартай уулзалт хийж, энэ чиглэлээр арга хэмжээ авахаар болсон байна.
Уулзалтын тэмдэглэлд 2017 оны эхний хагас жилийн байдлаар гэхэд Эрээн хотод зорчиж буй Монголын суудлын болон том оврын автомашины жолооч нар БНХАУ-ын Замын хөдөлгөөний дүрэм, бусад холбогдох хууль тогтоомжийг 30800 удаа зөрчсөнөөс 8500 зөрчил нь улаан гэрлээр хөдөлгөөн үргэлжлүүлж гэрлэн дохио зөрчсөн, 3300 зөрчил нь урсгал сөрсөн, 16000 зөрчил нь замн тэмдэг, тэмдэглэл дайрсан, УАЗ-469 маркийн автомашин 48 удаа эвдэрч заын зорчих хэсэгт зогссоны улмаас бусад зорчигчдын хөдөлгөөнд саад учруулсан, 4 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, даац хэтрүүлэн ачаа тээвэрлэлт явуулж байгаа талаар дурьджээ.
Иймд хил хооронд зорчиж буй жолооч та:
1. Техникийн хувьд бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан техникийн зөрчилтэй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохгүй байх.
2. Мөн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэх, тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт хүн тээвэрлэх, тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтэрсэн ачаа тээвэрлэх зэрэг зөрчил гаргахгүй байх.
3. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх зэргээр хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцоно уу.