Ж.Мөнхбат: Хөрөнгө оруулахад таатай орны нэг нь Монгол Улс байхыг зорьж байна

Ж.Мөнхбат: Хөрөнгө оруулахад таатай орны нэг нь Монгол Улс байхыг зорьж байна


7 жил

“Өнгөрсөн онд хасах хувьтай байсан эдийн засаг 5.3 хувиар өсч, он гарснаас хойш төсвийн орлого тогтмол давж биелж байгаа нь Засгийн газраас явуулж байгаа бодлого, үйл ажиллагаа, ОУВС, бусад байгууллага, улс оронтой хамтарч ажиллаж байгаагийн үр дүн. Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, аж ахуйн нэгжүүд ч ашигтай ажиллаж эхэллээ. Цаашид хөрөнгө оруулахад таатай орны нэг нь Монгол Улс байхын төлөө хамтран ажиллахыг хүсье” гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга Ж.Мөнхбат хэллээ.



Тэрээр өнөөдөр /2017.08.29/ АНУ-ын Элчин сайдын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан Монгол дахь Америкийн худалдааны танхимын наймдугаар сарын уулзалтад оролцож америкийн хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчидтэй уулзсан юм.

Засгийн газраас хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр тодорхой ажил хийж хэрэгжүүлж байгаад АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд, хатагтай Женифер Зимдал Галт талархал илэрхийллээ. Мөн Монгол Улс ОУВС-ийн нөхцөл, болзлыг биелүүлснээр тогтвортой хөгжлийн бодлого, зорилт нь хангагдах учиртай. Хөрөнгө оруулалттай холбоотой хууль эрхзүйн орчноо сайжруулах, хөрөнгө оруулагчдын гомдол, санал, маргааныг хэрхэн шийдвэрлэх, ийм зүйл гаргахгүйн тулд талууд хамтран ажиллах шаардлагатай гэдэг нь судалгааны дүн мэдээллээс харагддаг гэдгийг тэмдэглэв.


Монгол Улсын төр, засаг нь тогтворгүй, хууль, дүрэм, журмаа байнга өөрчилдөг нь эргэлзээ төрүүлдэг бөгөөд төрийн байгууллага, албан тушаалтнууд хүнд сурталтай, дарамт, шахалт үзүүлдэг талаар хөрөнгө оруулагчид хөндлөө. Мөн татварын бодлогоор хөрөнгө оруулагчдыг хэрхэн дэмжих, томоохон төсөл, хөтөлбөрийн дэд бүтцэд анхаарах, шинээр хөрөнгө оруулалт татах чиглэлээр төлөвлөсөн ажлын талаар тодруулав.

Өнгөрсөн онд Дэлхийн банк групп гадаад, дотоодын 33 аж ахуйн нэгжийн дунд судалгаа явуулахад төрийн байгууллагууд гомдлыг шийдвэрлэх, шийдвэрээ хэрэгжүүлэхдээ “Маш тааруу” үнэлгээ авсан байна. Гомдолтой холбогдон 1.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт эрсдэлтэйд тооцогджээ.

Иймээс Засгийн газрын дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг илүү тогтвортой, таатай болгох үүднээс “Хөрөнгө оруулагчаас төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын төсөл боловсруулсан. Мөн хуулиудын зөрчил, давхардал, хийдлийг арилгах зорилготой хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга Ж.Мөнхбат ойрын өдрүүдэд Австрали болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчидтэй уулзаж тэдний санаа, бодлыг сонсоно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү